Зам, тээврийн хөгжлийн яамны гадна өнгөрсөн 8 дугаар сард гарсан хүн амины хэргийн яллагдагч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал өнөө өглөө эхэлсэн ч, тодорхой хугацаагаар хойшлогдлоо.

Тус шүүх хуралд тухайн үед ЗТХЯ-ны дэд сайд байсан Б.Цогтгэрэл оролцов. 

Тэрээр шүүх хурлын танхимаас гарч ирээд сэтгүүлчдэд өгсөн яриандаа "Өмгөөлөгч нэмж авсан, гэрчүүд бүрэн ирсэнгүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлууллаа. Би мөн гэрчээр ирсэн. Яамны тухайн үеийн удирдлагуудаас гэрчээр оруулъя гэсэн саналыг ар гэрийнхэн нь тавьсан юм шиг байна. 

Энэ хэрэг дээрээс манай ард түмэн нэг зүйлийг л сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол ердийн нэг архидалт, ердийн хоёр хүний маргаан биш. Үүнийг ойлго. Энэ бол ажил, албан тушаал, хэсэг хүмүүсийн шуналтай холбоотой асуудал. Тухайн үеийн сайд нь ч ирсэнгүй. Гэрчүүд бүгдээрээ ирэх хэрэгтэй" хэмээлээ.