Mongolia's next top model тэмцээний анхны ялагч Б.Цэрэндолгорыг загварын ертөнцөд үнэ цэнтэй модел гэгддэг. Тэрбээр Сингапурын Looque агентлагтай хамтарч ажиллахын хажуугаар томоохон компаниудын дүр төрхөөр сонгогдон амжилттай ажиллаж буй. Б.Цэрэндолгор өчигдөр загварын ертөнцийн талаар мөн хүүхдээ энэ салбар руу оруулахыг хүсдэг эцэг эхчүүдэд хувийн зөвлөгөө өгч үзэл бодлоо хуваалцжээ. 

Загвар өмсөгч болгон мөнгө, биеэ үнэлэлт, архи, хар тамхинд гүн шигдсэн байдаг гэсэн нийтлэл уншаад бичье гэж бодлоо. Үнэний хувь байх ч бүгд нэг ижил замаар явж энэ салбарт ордоггүй юм шүү. Энэ бүхэн 200 хувь тухайн хүний ухамсар, хүмүүжил, ар гэрийн хараа хяналт, хэрэгцээ зэрэг олон зүйлстэй холбоотой байдаг. Бүгд адилхан эхэлж, ижилхэн дуусдаггүй юм. Эцэг эх нарт бас өөрийн зүгээс зөвлөхөд охиноо шилжилтийн насан дээр нь загварын салбар руу битгий оруулаарай гэж хэлмээр байна. Монгол бол шилжилтийн насны ба түүнээс доош насны хүүхдүүдэд хэцүү цаг үе ирсэн орон шүү дээ. Томчууд нь хүүхдүүдийгээ сэтгэл зүйн дорой байдалд өөрсдөө оруулдаг, доромжилдог, ойлгоо ч үгүй байхад нь буруутгадаг зүйл зөндөө. Үүнээс үүдэн амиа хорлолт, биеэ үнэлэлт гээд олон буруу зам өмнө нь гараад ирдэг юм шиг санагддаг. Хүүхдээ сайн хүмүүжүүлж, хараа хяналт үргэлж өндөр байгаарай. Загварын салбар хатуу, хэцүү салбар шүү. Энэ салбар зүгээр нэг энгийн дам ярианаас болж муу хэлүүлэх учиргүй, их тэвчээр хөдөлмөр шаарддаг салбар юм шүү, шүүлтүүртэй хандаарай та минь.