"Буянт Ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сарын 05-ныг хүртэл цахимаар бүртгэсэн. Тус бүртгэлд 35058 иргэн хамрагдаад буй юм.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг Сонгон шалгаруулах комисс өчигдрөөс хуралдаж, эрэмбэлэх дарааллаар иргэдийг сонгон шалгаруулж эхэлжээ.

Сонгон шалгаруулалтын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар "Бүртгэлийнажил цахимаар амжилттай явагдаж, 35058 иргэн бүртгүүлсэн. Тэдгээрийн 4700 нь энгийн түрээс, 30.000 орчим нь түрээслээд өмчлөх хэлбэрээр бүртгүүлсэн байна. Өчигдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон шалгаруулах хурал болж өндөрлөсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодоос төлөөллүүд оролцсон. Комиссын хуралдаан хэвлэл мэдээлэл болон төлөөллийн хүмүүст нээлттэй явагдаж байгаа. Ямар ч төрийн бус байгууллага, нам эвслийнхэн хуралдаанд орж суух, ажиглах боломжтой. 

Сонгон шалгаруулалт нөлөө бүхий хэн нэгэнд илүү боломж олгох, орон сууцанд орох хүмүүсээ түрүүлж сонгох ямар ч боломжгүйгээр явагдаж байгаа. 

Эхний шаардлагыг хангаагүйн улмаас олон иргэн сонгон шалгаруулалтад орох боломжгүй байна. Тухайлбал, тухайн иргэн хотод орон байртай, орон нутгийн харъяалалтай зэрэг шалтгаанаар залуу гэр бүл ангилалд бүртгүүлсэн 1300 иргэн сонгон шалгаруулалтад орох боломжгүйгээр хасагдаж байна.

Түрээслээд өмчлөх хэлбэрт 12 жилээс дээш хугацаанд нийгмийн даатгал төлсөн иргэд хамрагдаж байна. Түүнээс доош жил төлсөн иргэд орох боломжгүй болж байна. Энгийн түрээст 6-аас дээш жил нийгмийн даатгал төлсөн иргэд хамрагдахаар байна. Эдгээр нь бүгд эрэмбэлэгдээд гараад ирж байна. Эрэмбэлэгдээд сонгогдсон иргэд 3 хоногийн дотор материалаа бүрдүүлж ирэх шаардлагатай. Материал дутуу болон худал мэдээллээр бүртгүүлсэн, хугацаандаа материалаа бүрдүүлж ирээгүй иргэдийг хасна. Хассан тохиолдолд эрэмбэлэгдсэнээр нь доороос нь нөхөж оруулна" хэмээлээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.

Цахимаар бүртгүүлсэн иргэдийг тодруулахад:

  • “Залуу гэр бүл” ангилалд 4443, 
  • “Төрийн албан хаагч” ангилалд 6542, 
  • “Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч” ангилалд 9549, 
  • “18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл” ангилалд 960, 
  • “Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд 3148, 
  • “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд 7166, 
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд 3134, 
  • “Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд 116 иргэн тус тус бүртгүүлсэн байна.