"Буянт Ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл 2019 оны 08 дугаар сарын 05-ны 00:00 цагт хаагдсан. Бүртгэл долдугаар сарын 22-ноос эхлэн 14 хоногийн хугацаанд үргэлжилсэн юм.

Цахим бүртгэл дууссантай холбоотой асуудлаар НОСК-ын захирал Б.Сүхбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Нийт 35.058 иргэн бүртгэлд хамрагдсан. Тэдгээрээс энгийн түрээсэнд 42.662, түрээслэх өмчлөх хэлбэрт 30.794 иргэн бүртгүүлсэн. Бүртгэлийн хугацаанд ямар нэгэн асуудал гараагүй.

  • Залуу гэр бүл ангилалд 4443 иргэн
  • Төрийн албан хаагч ангилалд 6542 иргэн
  • Хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч ангилалд 9549 иргэн байна. Хувийн байгууллагад ажиллаж буй иргэд хамгийн их бүртгүүллээ. 
  • 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл ангилалд 960 иргэн
  • Өрх толгойлсон эцэг, эх ангилалд 3148 иргэн
  • Ахмад настан ангилалд 7166 иргэн
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл 3134 иргэн тус тус бүртгүүлсэн байна.

Одоо бол бүртгэлийн хугацаа дууссан. Гэвч иргэд бүртгүүлэхээр ирж байна. 14 хоног үргэлжилнэ гэдгийг хангалттай хэвлэл мэдээллээр зарласан учир нэмж бүртгэх боломжгүй.

Маргааш тус орон сууцад орох иргэдийг сонгон шалгаруулах комисс хуралдана. Комиссоос гарсан журмын дагуу эрэмбэлэх зарчмаар сонгон шалгаруулалтыг явуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Тухайлбал, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй айл гэхээр бүртгэлээс хүүхдийн тоо нь гараад ирнэ. Гэхдээ энэ ажил агаарын бохирдлыг бууруулах хүрээнд явагдаж буй учир инженерийн дэд бүтэцгүй буюу гэр хороололд амьдарч буй иргэдийг голлоно. Зарим иргэд өөрийн орон сууцтай хэрнээ бүртгүүлсэн, зарим нь өмнө нь яг энэ чиглэлээр "Буянт Ухаа-1"-т орон сууц авсан хэрнээ  дахин бүртгүүлсэн байна. Тэд бол хасагдана.

Эрэмбэлэгдээд гараад ирсэн иргэд гурав хоногийн дотор ТҮЦ машинаас материалуудаа бүрдүүлэн авчирч өгнө. Долоон хүүхэдтэй гээд эрэмбэлэгдээд гараад ирсэн ч материал дээр хүүхдийн тоо 7 хүрэхгүй бол хасагдаад, хар жагсаалтад орно. Түрээсийн орон сууцад орох эхний иргэдийн сонгон шалгаруулалт энэ долоо хоногт тодорхой болчих байх. Сонгон шалгаруулалтад хэн нэгэн хөндлөнгөөс давуу эрх эдлэж орж ирэх боломжгүй программ ашиглаж байгаа.

НОСК бүртгэлийн ажлыг хийх ёстой байсан. Үүнийгээ 100 хувь хийсэн учир уг ажлыг Сонгон шалгаруулах комист хүлээлгэж өгч байна. Сонгон шалгаруулах комиссын гишүүдийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 9 хүний бүрэлдэхүүнтэй батласан. ТББ-ууд давхар хянаж байгаа.

Бүртгэлээс харахад мөнгөө төлөөд орон сууцад орох боломжтой 30.000 гаруй иргэн байна. Энэ жил 972 айл гэж байгаа ч ирэх жил үүнээс олон айлыг түрээсийн орон сууцанд энэ байдлаар оруулахаар төлөвлөж байна" хэмээн мэдээллээ. 

Мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.