"Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/" ХК "Газрыг орон сууцаар солих, чөлөөлөх" төсөл хэрэгжүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр НОСК-ийн Захирал Б.Сүхбаатар "НОСК газрыг орон сууцаар солих, чөлөөлөх ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд 4 гагаас багагүй талбайн иргэд 100 хувь санал нэгдээд газраа орон сууцаар чөлөөлье гэсэн хүсэлт гаргавал газар чөлөөлөлт хийнэ.

Өмнө нь орон сууцаар газар чөлөөлөлт хийхдээ урьдчилгаанд нь газраа өгөх зэрэг болзолтойгоор энд тэнд газар чөлөөлж байсан. Одоо бол хамгийн багадаа 4 га талбарт газар чөлөөлнө. 

Яагаад 4 га гэж заасан бэ гэхээр тухайн талбарт сургууль, цэцэрлэг, халаалт дулаан, зам, автомашины зогсоол, ногоон байгууламж гэх мэт инженерийн дэд бүтэцтэй хороолол, хотхон байгуулна. Энэ зорилгоор газар чөлөөлт хийж буй.

Бид нийт 24 байршлын иргэдэд энэ саналыг тавьж байгаа. Улаанбаатарт Баянхошуу, Сэлбэ, Дэнжийн мянга, Дамбадаржаа, Шар хад гэсэн зургаан дэд төв байгуулж буй. Эдгээр дэд төвүүд газар чөлөөлтөд хамгийн түрүүн орж байгаа. Тус байршлын иргэд нэгдээд хамгийн багадаа 4 га газрыг чөлөөлүүлэх хүсэлтээ өгснөөр бид газрыг орон сууцаар чөлөөлөх ажлыг эхлүүлнэ.

Дээрх зургаан байршил дээр нэмж 19 байршил оруулсан. Эдгээр байршлуудыг мэдээлсэн видеог хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэнэ.

Чөлөөлүүлэх газар нь 40 сая төгрөгийн үнэтэй, орох орон сууц нь 70 сая төгрөгийн үнэтэй байвал зөрүүг нь яаж төлөх вэ гэж зарим иргэн асууж байна. Тэгэхээр 5 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрөө 8 хувиас хэтрэхгүй зээлийн хүүтэйгээр буцааж төлөх бололцоог НОСК-оос хангаж өгч байгаа. Хүүг 8 хувиас бага байлгах талаар ажиллаж байна. Эхний ээлжид 8 хувийн хүүтэйгээр гаргах боломжтой гэж үзсэн.

Зарим тохиолдолд иргэдийн зарж буй газрынх нь үнэ орж буй орон сууцны үнээс илүү гарна. Энэ тохиолдолд бид иргэдтэй гэрээ тохиролцон 1-2 жилийн хугацаанд эргэн төлөх гэрээ байгуулна.

Зарлаж буй энэ талбарт нийт 20477 нэгж талбар хамрагдаж байгаа. Энэ нь 20477 хашаа гэсэн үг. Эдгээрээс хамгийн түрүүнд эвлэлдэн нэгдэж, хүсэлтээ өгсөн иргэдийн талбарт үнэлгээ хийлгэнэ. Газар чөлөөлөлт явагдаж буй учир мэдээж зах зээлийн ханшаас доогуур үнэлэхгүй, болж өгвөл бага зэрэг дээшээ гарсан байдлаар үнэлж, газар чөлөөлнө" хэмээн мэдэгдлээ.


Газраа орон сууцаар сольж, чөлөөлөх боломжтой талбарууд:

  • Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороо буюу Баянхошуу дэд төв
  • Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 хороо буюу Сэлбэ дэд төв
  • Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хороо буюу Дамбадаржаа дэд төв
  • Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хороо буюу Дэнжийн мянга дэд төв
  • Баянзүрх дүүргийн 9, 17, 19, 24 дүгээр хороо буюу Шар хад дэд төв
  • Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Орон сууцны 7 дугаар хороолол, 
  • Баянзүрх дүүрэг 2, 4 дүгээр хороолол, Мамбадацан
  • Баянзүрх дүүрэг 13, 14 дүгээр хороо, Орон сууцны 14 дүгээр хороолол
  • Баянзүрх дүүрэг 12 дугаар овоо, Чулуун овооны тойргоос Хууль сахиулах их сургууль орчим
  • Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хороо, Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай
  • Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Дэнжийн мянга орчим Б хэсэгчилсэн талбай, 39 дүгээр сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай зэрэг талбарын хэсгүүд орж буй аж.