Маргааш ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар сануулах ажил хаялт хийх гэж байна. Хичээл эхлэхийн өмнөхөн наймдугаар сард цалингаа 1.600.000 төгрөг болгож нэмэгдүүлэх шаардлага тавьж жагссан багш нар энэ сарын 21, 26-нд ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа. Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар 30 хувиар нэмэх боломжийн талаар дуулгасан ч Багшийн цалин нэмүүлэх түр хорооныхон цалингийн хэмжээг 1.600.000 төгрөгт хүргэх шийдлээсээ буцахгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн юм. Тус хорооныхон өнөөдөр МҮЭ-тэй хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд "Ажил хаяснаас үүдэх бүх хохирлыг  асуудалд хойрго, удаан хандсан Засгийн газар хүлээнэ" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

БСШУСЯ-наас өнөөдөр багш нарт хандан мэдэгдэл гаргаад байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооноос хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сануулах ажил хаялт зохион байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарч байна.

Ажил хаялтыг зохион байгуулах, хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах асуудал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалт” гэсэн 10 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэгдэнэ.

Хууль тогтоомжид заагдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй, хууль бус ажил хаялтыг зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг үүнийг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна. Хууль бус аливаа үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлүүлэх болно.

БСШУСЯ-наас багшийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд харилцан ойлголцол, хамтын оролцоо, нээлттэй зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэх байр суурийг баримталж байна.

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалингийн доод жишгийг 1.600.000 төгрөгт хүргэх шаардлагыг тавьсан.

Засгийн газраас багшийн цалинг нэмүүлэх шаардлагыг хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулж, нэмэлт хэлэлцээрийг байгуулан шийдвэрлэх байр суурийг илэрхийлээд байгаа билээ.

БСШУСЯ-наас багшийн цалин, хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан нээлттэй хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын үр дүнгээр цалинждаг цалин хөлсний шинэ тогтолцооны эрх зүйн багц зохицуулалтыг энэ ондоо багтаан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
 
Иймд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт Боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн хамтын маргаан, ажил хаялтыг зохион байгуулах тухай хуулийн зохицуулалтуудыг нийт багш, ажилтнуудад таниулах, хууль тогтоомжийн дагуу ажиллахыг зөвлөж байна

БСШУЯ