БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн онцлох 10 ажлыг түүвэрлэн танилцуулж байна.


1. Сайн багш сайн цалин авна: Сайдын шууд эрх мэдлийн хүрээнд багшийн орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувиар тогтоох, сургууль, цэцэрлэгийн хэмнэгдсэн зардал, нэмэлт орлогыг урамшууллын зардалд шилжүүлэн бүрэн санхүүжүүлэх чиглэлийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн. Ингэснээр 21 тэрбум төгрөгийн урамшуулалыг багш нарт олгожээ.


2. Дээд боловсролын шинэчлэл: Дээд боловсролын чанар бол нийгмийн захиалга. Дээд боловсролын либералчлал нэрийн дор барилгатай, ширээ сандалтай л бол дээд боловсролын үйлчилгээ явуулах эрх өгч, элсүүлэх оюутны тоонд төрөөс хяналт тавихаа больж, тухайн сургуулийн ТУЗ-д хүсвэл хэдэн ч оюутан авч болно гэж журамласнаас хойш чанаргүй их, дээд сургуулийн тоо ихэсч, төлбөрөө төлж ч чадаж байвал хэн ч их дээд сургуулийн оюутан болох үүд хаалга нээгдсэн. Эндээс дээд боловсролын үнэгүйдэл эхэлсэн гэж үздэг. Тэгвэл БСШУСЯ 2018 онд дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлж чанаргүй их, дээд сургуулийн тоог багасгаж, чанаржуулах зорилгоо ил тод зарлаж, зарим их, дээд сургуулийг татан буулгаж, зарим ижил төстэйг нь нэгтгэв. Тодруулбал, сургалтын чанарыг сайжруулах ажлын хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилд 18 их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, боловсролын байгууллагад тавигдах стандарт шаардлага хангаагүй, багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамж дутмаг, үйл ажиллагааны зөрчилтэй 5 дээд сургууль, коллежийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, мөн 5 сургууль өөрсдийн хүсэлтээр бусад сургуультай нэгдлээ. Цаашид хяналт, үнэлгээг сургуулийн үйл ажиллагаанд төдийгүй сургалтын хөтөлбөрүүдийн түвшинд үргэлжүүлэн явуулна. Ижил хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа сургуулиудын сургалтын агуулга, арга зүй, орчин, багшийн хангамж, хүрэлцээ, суралцагсдын амжилт, чанарыг хөндлөнгөөс үнэлэх системийг бүрдүүлэн ажилласнаар дээд боловсролын салбарт шинэчлэл хийгдэж, чанаргүй сургууль хөтөлбөрүүд цаашид ажиллах боломж хаагдана. 


3. Боловсролын магадлан итгэмжлэл ОУ-ын түвшинд ойртлоо: Дээд боловсролын чанарыг сайжруулах гол механизм нь боловсролын магадлан итгэмжлэл гэж салбар яамнаас үзэж байна. Тиймээс Магадлан итгэмжлэх байгууллагын дүрмийг ЗГ-ын 2018 оны 281 дүгээр тогтоолоор шинэчлэн баталлаа. /энэ дүрэм 2003 оноос хойш шинэчлэгдээгүй/ Ингэснээр өмнө ньих дээд сургууль байгуулагдахаас өмнө зөвхөн байгууллагын магадлан итгэмжлэл хийж, сургалтын үйл ажиллагаа явуулах эрх өгдөг байсан бол одоо байгууллагын магадлан итгэмжлэлийг хөтөлбөрийн магадлан итгэмжлэлтэй хамт хийж их дээд сургуулийн үйл ажиллагаа явуулах эрх өгдөг боллоо. Товчхондоо магадлан итгэмжлэх үйл ажиллагаа шинэ шатанд гарч, ОУ-д хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдэж байна. 

-ХБНГУ-ын АSIIN байгууллагатай “Ижилсэх түншлэл” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг шинэчлэн, үндэсний шинжээчдийг бэлтгэж, 2 сургууль, 4 хөтөлбөрт туршилт хийлээ.

-Олон улсад АШУҮИС, МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС-ийн нийт 8 хөтөлбөр, дотоодод 24 байгууллага, 48 хөтөлбөр 2017-2018 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн байна.

-2018 оныг “Чанарын дотоод баталгаажуулалт”-ын жил болгон зарлаж нийт 11 удаагийн сургалтаар 1630 гаруй хүнийг чадавхижууллаа.

-Олон улсын шинжээч бэлтгэх сертификатын сургалтыг эх орондоо анх удаа зохион байгуулж 48 шинжээч бэлтгэлээ. Ингэснээр олон улсад магадлан итгэмжлэл хийх эрх бүхий шинжээчдэд эрх олгосон.

-Сургуулиуд сургалтын хөтөлбөр, багц цагийг харилцан хүлээн зөвшөөрөх ажлыг эхлүүлэн, “Оюутан мобилити” санаачлагыг хэрэгжүүлэхээр Монгол Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургууль, Шинэ Монгол технологийн дээд сургууль, БМИҮЗ-ийн хооронд гурвалсан гэрээ хийгдлээ.

Ингэсэнээр барилга, ширээ санадалтай л бол дээд боловсролын үйлчилгээ явуулдаг байсан муу жишиг ард үлдэж, их, дээд сургуулиудын чанар сайжрах юм. Энэ шалгуурын дагуу цаашид ч чанаргүй их, дээд сургуулиудын тоо цөөрнө гэж харж байна.  


4. Босго оноо: Элсэлтийн ерөнхий шалгалт бол тухайн сурагчийн ерөнхий эрдмийн мэдлэг, сурлагын амжилт, хувь хүний хариуцлага зэргийг илтгэх чухал үзүүлэлтүүдийн нэг. Өмнө нь хөдөө орон нутаг, нийслэл хот, дээд сургууль, коллеж нийтээрээ 400 онооны босготой байсан бол 2018 онд ЭЕШ-ын босго оноог хот, хөдөө болон сургуулийн статусаар нь ялгаж өглөө. Өөрөөр хэлбэл нийслэлийн их дээд сургуульд элсэх босго оноо 410-480, хөдөө орон нутгийн их дээд сургууль болон бүх коллеж, МСҮТ-д элсэх босго оноо 400 байхаар журамлалаа. Нийгмийн захиалгын дагуу эл босго оноог цаашид нэмэгдүүлэх бодлого барьж байна. Босго оноог нэмэгдүүлснээр их, дээд сургуульд элсэгчид чанаржиж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэгдэнэ хэмээн салбар яамнаас үзэж байна.


5. Оюутны хөгжлийн хүүгүй, барьцаагүй зээл: Оюутны хөгжлийн зээл өмнө нь Төрийн зээлийн сан хэмээх статустай байж эргэн төлөгдөх нөхцөл, магадлал муу зээл ихээр олгодог байв. Тэгвэл МУ-ын Засгийн газар 2016-2020 оны зорилтдоо оюутны хөгжлийн зээлийг иргэнд ойртуулах зорилго тавьсан. Энэ дагуу 2016-2017 оны хичээлийн жилд 5 хувийн хүүтэй, банкны барьцаа шаарддаг байсан зээлийг 2018 онд хүүгүй, барьцаагүй, гэр бүлд санхүүгийн дарамтгүй болгож журмыг нь өөрчлөв. Үндсэн шаардлага нь оюутны хувийн хичээл зүтгэл, сурлагын амжилт, сахилга хариуцлага. Өөрөөр хэлбэл шинээр элсэгч бол ЭЕШ-ын оноо 600-аас дээш, оюутан бол голч оноо 2,4-өөс дээш байх шаардлагатай бөгөөд оюутан нь төгсөөд 5 жилийн дотор зээлээ эргэн төлнө. Хэрвээ төлөхгүй бол оюутны мэдээлэл Монгол банкны мэдээллийн санд бүртгэгдсэн учраас найдвартай зээлдэгч болох зохицуулалттай. Ийн энэ хичээлийн жилд 35-37 мянган оюутан Оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломж бүрдсэн.


6. ЭЕШ-ыг шууд засах технологи: ЭЕШ-ын хариудоод тал нь 14 хоногийн дараа гардаг. Энэ хугацаанд хөдөө орон нутгийн иргэдэд ихээхэн чирэгдэл учрахаас гадна төрөөс зардал төсөв ихээхэн гардаг. Энэ нөхцөл байдлыг халж шалгалтын дүнг шууд засч, газар дээр нь танилцуулах технологийг нэвтрүүллээ. 2018 оны хичээлийн жилд Эрдэнэт, Ховд хотуудад амжилттай туршсан бөгөөд ирэх хичээлийн жилд улс даяар энэ технологийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ жил олон жилийн дунджаас их буюу 45 мянга орчим шалгуулагч ЭЕШ өгсөн учраас шууд орон даяар нэвтрүүлэхээс түдгэлзсэн болно. 


7.Хөгжлийн бэрхшээлтэй элсэгчид зориулалтын анги танхимд зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр шалгалт өгдөг боллоо: Хөгжлийн бэрхшээлтэй элсэгчдийг дэмжин, анги танхимуудыг тусгай зориулалтаар зохион байгуулан, сонсголын бэрхшээлтэй шалгуулагчдад дохионы хянагч багш, харааны бэрхшээлтэй элсэгчдэд зориулан баррель үсгээр шалгалтын материал бэлтгэх, саажилттай шалгуулагчийг тусгай ангид шалгалт аван, зөөврийн компьютер, бусад шаардлагатай техник төхөөрөмжөөр ханган, сэдэв даалгаврын гүйцэтгэх хугацааг бүх хичээлийн хувьд уртасган шалгалтыг зохион байгууллаа.

8.Тусгай хэрэгцээт боловсролд чиглэсэн цогц бодлого явуулж эхэлээ: Хөгжлийн бэрхшээлтэй зорилтот бүлгийн хүүхдүүдийг сургах, нийгэмшүүлэх ажил эрхэлдэг мэргэшсэн багш нарын тоо огцом буурч, энэ тал дээрх төрхийн бодлого алдагдаад байсан юм. Тэгвэл БСШУСЯ 2018 онд энэ чиглэлд цогц бодлого явуулж эхэлсэн бөгөөд одоогоор дараах бодитой шийдвэрүүдийг гаргаад байна:

-Тусгай хэрэгцээт мэргэжлийн багш бэлтгэх тэнхимийг МУБИС дээр байгуулав

-Тусгай  хэрэгцээт цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчээр тусгай хэрэгцээт дээд боловсролтой багш ажиллахыг журамлаж өгөв 

-Тусгай хэрэгцээт сувилалын цэцэрлэг, яслийн 10-р цогцолборын барилгын санхүүжилтийг шийдвэрлэв. /Барилга нь царцаад 5 жил болсон байсан/. 

-Тусгай хэрэгцээт багш, аргай зүйчийг төрийн бодлого, дэмжлэгээр ОХУ-ын Эрхүү хотод сургахаар илгээв. Нийт 10 оюутан шалгарч явсан бөгөөд тэтгэлгээр сурна. /Энэ бодлого сүүлийн 27 жил орхигдсон байсан/.  

8.Эрүүл мэндийн хичээл: ЕБС-ийн бүх ангид Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг оруулахаар шийдвэрлэж, сургалтын агуулга, багшлах боловсон хүчинг бэлтгэх ажлыг богино хугацаанд зохион байгуулав. Ингэснээр сурагчид хувийн болон орчны эрүүлмэнд, хооллолт ба хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг сэдвээр ойлголттой болж, төлөвших юм. 

10. Үдийн цай-Үдийн хоол: Хүүхдийн хоол тэжээлийн асуудалд салбар яамны зүгээс онцгойлон анхаарч байна. Энэ хүрээнд БСШУСЯ цэцэрлэг, дотуур байр, үдийн цайнд зарцуулж буй зардалыг хоёр дахин нэмэгдүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлээд байна. Ингэснээр 2019 оноос хүүүхдүүд чанартай, баялаг орц найрлагатай үдийн цай хэрэглэдэг болно. Мөн 2018.10.01-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийн ойр орчимд /500 м дотор/ хийжүүлсэн ундаа, чипс,  лаазалсан бүтээгдэхүүн зэрэг хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулахыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэллээ.   

*Хүүхэд хамгаалал: Хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыгхангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хориглох шийдвэр гаргуулсан.

*Шинжлэх ухаан, инноваци: Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг баталлаа. Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг найман жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний шат буюу 2018-2021 онд эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөц төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Харин хоёр дахь шат буюу 2022-2025 онд эдийн засаг, аж үйлдвэр, мэдээлэл технологийн тэргүүлэх салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавихаар төлөвлөжээ.