ТЕГ-ын дарга асан Б.Хурц УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох хэргийн шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал одоогоор завсарласан бөгөөд шүүхийн процесс дуусч, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх танхимд орсон талаар эх сурвалж мэдээллээ.

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр, "Шүүх хуралдаан завсарлаад шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч шүүхийн шийдвэрийг танилцуулахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүдийг оруулна” гэв.

Өнөөдрийн шүүх хуралдаанд хоригдогч Б.Содномдаржаагийн хоёр өмгөөлөгчийн нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ илэрхийлжээ. Тэрбээр БНСУ руу нэн яаралтай эмчилгээ хийлгэхээр явсан гэдгийг Б.Содномдаржаагийн ээж сэтгүүлчдэд яриа өгөхдөө дурдсан юм.