2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2 дугаар сарын 01-нээс эхлүүлнэ. Цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж энэ удаад зайн сургалт буюу цахим, теле хичээлийн хэлбэрээр явуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр мэдээллээ.

Энэ талаар БШУЯ-ны мэргэжилтэн Т.Ням-Очир "Хоёрдугаар улирлын хичээл, сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалгаа хийсэн. Тухайлбал, коронавирусийн цар тахлын нөхцөл цаашид ямар байх талаар УОК-ын дэргэдэх Шуурхай штабынхантай уулзаж, эрдэмтдийн гаргасан судалгааны үр дүнд суурилж ажиллаж байна. Энэ оны 2, 3 дугаар сард Улаанбаатарт коронавирус илрэлт төдийлөн хумигдахгүй нөхцөл байдал байгаа учраас Улаанбаатарт танхимын сургалтыг эхлүүлэх асуудалд болгоомжтой хандаж байна.

Мөн 2 дугаар сард цаг агаар -30-10 градусийн хооронд хэлбэлзэж, онцгой дулаарахааргүй байгаа учраас коронавирусийн үед ханиад томууг нэмэгдүүлэхгүй байх болгоомжлол байна. 

11 аймгийн 89 суманд өвөлжилт хүнд, 152 суманд эрсдэлтэй байгаа гэсэн судалгаа гарсан. Эдгээрт цэцэрлэг, сургуулийн 20.000 гаруй хүүхэд байна. Тэгэхээр 2 дугаар сарын 01-нд танхимын сургалт эхэллээ гэхэд 7 хоног хичээллээд Цагаан сарын бүх нийтийн амралт эхэлнэ. Тиймээс хол оторлож буй хүүхдүүд богино хугацаанд хичээлд ирэхэд хүндрэлтэй. 

Суралцагч болон багш нараас сэтгэлзүй, нийгмийн судалгаа авсан. Тэдний 16 хувь нь 2 дугаар сарын 01-нд хичээл, сургууль эхлэхийг дэмжсэн. Цар тахал гараагүй нутгуудад дээрх хугацаанд эхлэхийг 24 хувь нь дэмжсэн. Нийт сурагчдын 45 хувь нь 2 дугаар сарын 01-нд хичээл эхлүүлэхэд эргэлзээтэй хариу өгсөн.

Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам энэ хичээлийн жилийн сургалтын бүтцийн дагуу 2 дугаар сарын 01-нээс зайн буюу теле, цахим сургалтыг эхлүүлнэ. Танхимын сургалт 2 дугаар сарын сүүлээр үү, 3 дугаар сард эхлүүлэх үү гэдгийг Улсын онцгой комисс, Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ" хэмээлээ.