Брюс Ли сангийн гүйцэтгэх захирал,  Брюс Лигийн охин Шеннон Ли эцгийнх нь зургийг зөвшөөрөлгүйгээр ашигласан гэж Хятадын түргэн хоолны сүлжээг шүүхэд өгчээ.

Шеннон Ли нь тус сүлжээ рестораныг Брюс Лигийн дүр төрхийг ашиглахаа зогсоохыг шаардсан байна. Улмаар 90 хоногийн турш тус ресторан аавтай нь ямар ч холбоогүй болохыг мэдээлж, 210 сая юанийг (30 сая доллар) хохиролд шаардаж байна хэмээн "Sixth Tone" мэдээллийн сайт мэдээлжээ. Тус лого нь Брюс Лигийн “Үхлийн тоглоом” дээрх олонд танигдсан шар өнгийн өмсгөл, зодооны байрлалыг харуулсан нь Брюс Ли биш гэж маргах аргагүй юм.


Түргэн хоолны газраас өнгөрсөн пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд тэмдэглэснээр “Хятад улсын худалдааны тэмдгийн алба баталснаас хойш 15 жилийн турш тус логог ашиглаж байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэл нь төөрөгдүүлж байна. Бидний барааны тэмдэг нь зөрчилтэй эсэх талаар олон жилийн өмнө маргаан гарч байсан боловч хэзээ ч зөрчилтэй хэмээн шийдэгдэж байгаагүй. Олон жилийн дараа биднийг шүүхэд өгч буйд маш их гайхаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд асуудлыг идэвхтэй шинжилж байна" хэмээн хоолны сүлжээний удирдлага мэдэгдсэн байна.

Шеннон Ли 2010 онд рестораны сүлжээг зохиогчийн эрхийг зөрчсөн гэж буруутгасны дараа Хятадад аавынхаа өвийг хамгаалах зорилгоор зохиогчийн эрх ашгийг хамгаалах газар байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Брюс Ли сан нь "хувь хүний өсөлт, эерэг энерги, дэлхийн эв найрамдлыг дэмжих зорилгоор Брюс Лигийн урлаг, гүн ухааныг хуваалцахад зориулагдсан" гэж тус сангийн вэбсайтад бичжээ.



Эх сурвалж: https://nextshark.com/