Эмэгтэйчүүдийн баяраар манай сайтад 2-9 хүртэлх насны 6 бяцхан дэрсхэн охидтой Б.Баттулгынх хэмээх айлын талаар "Хүн хүнээ хайрлаж явахад амьдралын зам гэрэлтэй" нэртэй сурвалжлага нийтлэгдсэн билээ.

Нийтлэлийн дараа "Брикхаус" тоглоомын дэлгүүрийн хамт олон бидэнтэй холбогдож бяцхан охидыг баярлуулах өрнүүн, сайхан санаачилгыг гаргасан юм.

Өнөөдөр тус хамт олон Б.Баттулгын гэр бүлийг зорин зочилж охидын хүсэж мөрөөдөж, гар утаснаасаа л хардаг байсан барбиг нь охидынх тоогоор мөн гал тогооны иж бүрдэл гээд тэдний нас бүрт нь таарсан лего тоглоомуудыг, “Shark Tank” нэвтрүүлгийн бяцхан оролцогч Б.Индрагийн "Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд" номыг бэлэглэсэн юм. 

Биднийг очиход гэрийн эзэн Өмнөговь аймгаас ирээгүй байв, харин гэргий Эрдэнэсүрэн нь хэдэн хүүхдийнхээ хамт баярлаж хөөрөн угтсан юм. Охидын ээж мөн л урьдын адил бээлийгээ нэхсээр байгаа аж. Бяцхан гараараа мөрөөдөж байсан барби тоглоомоо барьсан охид энэ өдөр баярлан хөөрч, гал тогооны иж бүрдлээ авахдаа нүд нь баяраар гэрэлтэн талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.Монгол хүүхдүүдийг оюунлаг тоглоомоор хангаж буй танай хамт олонд ч бас манай сайт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлж байна.

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн Брикхаус тоглоомын дэлгүүр нь үйл ажиллагаа явуулаад 11 жил болсон, оюунлаг тоглоомуудыг монгол хүүхдүүдэд түгээж ирсэн хамт олон билээ.

Тун удахгүй Брикхаус тоглоомын дэлгүүр BrickHouse Kids Expo-гоо зохион байгуулах аж.