Бизнес эрхлэгчид “Break even point” гэдэг ойлголттой олон удаа тулгарч байсан ч ихэнх нь өөрийн бизнест хугарлын цэгийг хэрхэн тооцоолох, энэ нь ямар ашигтай болохыг сайн ойлгодоггүй. Энэхүү нийтлэлээр хэрхэн хугарлын цэгийг 4 алхмаар тооцоолох, үр дүнгээс нь ямар дүгнэлт хийж болохыг заах болно. 



АЛХАМ НЭГ. Хувьсах зардал 

Бизнесийн хугарлын цэгийг тооцоолохын тулд тогтмол болон хувьсах зардлын тухай авч үзэх хэрэгтэй. Хувьсах зардал гэдэг нь: Үйлчилгээ үзүүлсэн эсвэл нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хэмжээнээс хамаардаг бизнесийн зардал. Үүнд: түүхий эдийн худалдан авалт, гэрээт болон үндсэн ажилтнуудын цалин хөлс, тээврийн зардал гэх мэт бусад зардлууд багтдаг. Тооцооллыг илүү ойлгомжтой болгохын тулд жишээ авч үзье. “ABC” нэртэй жижиг хэмжээний хувцасны үйлдвэр бээлий үйлдвэрлэдэг. Тус бүр 10 000 төгрөгийн үнэтэй 15 захиалга гүйцэтгэж 150 000 төгрөгийн орлого олсон. Үүнээс 30 000 төгрөгийг түүхий эд худалдан авалтад, 45 000 төгрөгийг гэрээт ажилчдын цалинд зарцуулсан – энэ бүгд хувьсах зардал. Нийт 75 000 төгрөгийн хувьсах зардал гарсан. 

Зардал

Нэгдүгээр сар

Захиалгын тоо 

15

Дундаж үнэ 

10 000 төгрөг

Орлого 

150 000 төгрөг

Хувьсах зардал 

75 000 төгрөг 

                       Гэрээт ажилчдын цалин 

45 000 төгрөг 

                       Түүхий эд 

30 000 төгрөг

Үүнтэй ижил та өөрийн бизнесийн зардлыг жагсааж, хувьсах хэсгийг тооцоолоорой. Хэрэв худалдааны чиглэлээр бизнес эрхэлдэг бол үүнд зарах барааны худалдан авалт мөн багтана.  Хэрэв үйлчилгээ үзүүлдэг бол үйлчилгээ үзүүлэгч хүний цалинг багтаана. Тухайлбал, вэб-сайт хийдэг, дизайн гаргадаг эсвэл бусад төрлийн төсөл хэрэгжүүлдэг байгууллага бол төсөлтэй холбоотой бүх зардлууд багтана. 


АЛХАМ ХОЁР. Ашиг

Нийт олсон орлогоос шууд хувьсах зардлыг хасвал – нийт ашгийн хувь гарч ирнэ. “АВС” компанийн нийт ашиг 75 000 төгрөгтэй тэнцэнэ.

Нийт ашиг = (орлого – хувьсах зардал) / орлого х 100 

Авч үзсэн жишээний хувьд нийт ашгийн хувь - 50%.


АЛХАМ ГУРАВ. Тогтмол зардал 

Харин одоо тогтмол зардлыг тооцоолъё – оффис, агуулах, үйлдвэрийн байрны түрээс, үндсэн ажилчдын тогтмол цалин, банкны зээлийн эргэн төлөлт, маркетингийн зардал гэх мэт. Эдгээр зардлууд нэгж эсвэл цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэг төрлийн үйлчилгээ үзүүлэх, төслийг хэрэгжүүлэхтэй шууд холбоогүй байдаг. “АВС” компанийн тогтмол зардлыг авч үзье. Байрны түрээсэнд 30 000 төргрөг, ажилчдын цалин хөлсөнд 55 000 төгрөг, рекламанд 10 000 төгрөг зарцуулсан. Тухайн сард тогтмол зардал 95 000 төгрөг буюу ашгийн 63,3% болсон. 

Зардал

Нэгдүгээр сар

Захиалгын тоо 

15 

Дундаж үнэ 

10 000 төгрөг

Орлого 

150 000 төгрөг

Хувьсах зардал 

75 000 төгрөг

                       Гэрээт ажилчдын цалин 

45 000 төгрөг 

                       Түүхий эд 

30 000 төгрөг

Нийт ашиг 

75 000 төгрөг

Тогтмол зардал 

95 000 төгрөг

                       Байрны түрээс 

30 000 төгрөг

                       Тогтмол цалин 

55 000 төгрөг

                       Реклам 

10 000 төгрөг


АЛХАМ ДӨРӨВ. Хугарлын цэг 

Тогтмол болон хувьсах зардлаа мэдэж авсан тул хугарлын цэгийг тооцоолох боломжтой болж байна. Хугарлын цэг гэдэг нь бизнес ашиг ч үгүй, алдагдал ч үгүй ажиллах үеийн борлуулалтын хэмжээг хэлнэ. Борлуулалтаас олсон орлого 100% хувьсах болон тогтмол зардлыг нөхөхөд зарцуулагдаж, ашигт юу ч үлдэхгүй гэсэн үг. Хугарлын цэгийг мөнгөн дүнгээр эсвэл захиалгын тоогоор гаргаж болдог. Ихэнх компаниудын хувьд хугарлын цэгийг сарын хугацаатайгаар тооцоолох хэрэгтэй байдаг. Хугарлын цэгийг тооцоолох томьёо тун энгийн: тогтмол зардлыг нийт ашигт хуваана. 


Хугарлын цэг = Тогтмол зардал / Нийт ашиг

Жишээн дээр авч үзвэл: 

Хугарлын цэг = 95 000 төгрөг (тогтмол зардал) / 50% (нийт ашиг) = 190 000 төгрөг


Тэгэхлээр, манай компанийн хувьд хугарлын цэг нь мөнгөн дүнгээр 190 000 төгрөг болж байна. Энэ нь өнөөгийн зардлын төвшинд алдагдалгүй ажиллахын тулд олох ёстой орлого юм. “АВС” компани нэгдүгээр сард алдагдалтай ажилласан байна. Гүйцэтгэсэн захиалгаас олсон орлого нь бүх зардлыг нөхөхөд хангалтгүй юм. 


Хугарлын цэгийг олсны дараа :

Хугарлын цэгийг олж мэдсэн цагт бизнесийг удирдах боломжтой болно: Борлуулалтыг нэмэгдүүлэх, нэгж үнийг нэмэх, тогтмол болон хувьсах зардалд өөрчлөлт оруулах гэх мэт. Жишээг авч үзье: рекламын төсвийг нэмж, захиалгын тоогоо нэмэгдүүлэхийг хичээнэ. Тухайлбал рекламын зардлыг 5 000-аар нэмэхэд 5 захиалга илүү орж ирнэ гэж бодъё. Ингэснээр тухайн сарын тогтмол зардал нэмэгдэх боловч захиалгын тоо өсөж, нийт орлого 200 000 төгрөг болно. Ашгийн хэмжээг хэвээрээ гэж үзвэл орлого, зарлагын бүтэц дараах байдлаар гарч ирнэ: 


Зардал

Нэгдүгээр сар

Хоёрдугаар сар 

Захиалгын тоо 

15 

20 

Дундаж үнэ 

10 000 төгрөг

10 000 төгрөг

Орлого 

150 000 төгрөг

200 000 төгрөг

Хувьсах зардал 

75 000 төгрөг

100 000 төгрөг

                       Гэрээт ажилчдын цалин 

45 000 төгрөг

60 000 төгрөг

                       Түүхий эд 

30 000 төгрөг

40 000 төгрөг

Нийт ашиг 

75 000 төгрөг

100 000 төгрөг

Тогтмол зардал 

95 000 төгрөг

100 000 төгрөг

                       Байрны түрээс 

30 000 төгрөг

30 000 төгрөг

                       Тогтмол цалин 

55 000 төгрөг

55 000 төгрөг 

                       Реклам 

10 000 төгрөг

15 000 төгрөг


Хоёрдугаар сарын хугарлын цэгийг тооцоолъё: 

Хугарлын цэг = 100 000 төгрөг (тогтмол зардал) / 50% (ашиг) = 200 000 төгрөг 

Ийнхүү 200 000 төгрөгийн орлого олсон үед үйлдвэрлэл маань хугарлын цэгтээ хүрч байгаа юм. Хугарлын цэгийг мөн захиалгын тоогоор илэрхийлж болно – энэ нь манай компанийн хувьд дунджаар 10 000 төгрөгийн үнэтэй 20 ширхэг захиалга болно. 


Хугарлын цэгийг графикаар илэрхийлбэл: 

Босоо тэнхлэгт орлого, хэвтээ тэнхлэгт захиалгын тоог орлуулж график босгоё. Орлого, тогтмол болон хувьсах зардлын хамаарлын график гарч ирнэ.


График дээр хугарлын цэг нь орлого болон зардлын огтлолцлын цэг болно. Захиалгын тоо ихсэх тусам орлого болон зардлын хооронд ялгаа гарч байгааг графикаас харж болно. Тэрхүү ялгаа нь үйл ажиллагааны ашиг юм. Орлого хугарлын цэгээс илүү байх тусам бизнес илүү тогтвортой болно. Тогтвортой байдалд нөлөөлдөг гол хүчин зүйл бол тогтмол зардлын түвшин юм. Тогтмол зардал их байх тусам бизнес илүү далайцтай ажиллаж, зардлаа нөхөж ажиллах ёстой болдог. Тогтмол зардал бага байвал компанийн борлуулалт буурсан ч алдагдалд ордоггүй. Үүнийг бүх бизнес эрхлэгчид мэддэг ч өөрсдийн бизнест тооцож, тоогоор илэрхийлж чаддаггүй. 

Хугарлын цэгийг тооцоолох нь чухал бөгөөд ашигтай байдаг: захиалгын тоо эсвэл борлуулалтын хэмжээ компанийн хэрэгцээг хангахуйц байсан үгүйг тэр дор нь тодорхойлох боломжтой болно. Хангалттай биш бол хэдэн захиалга гүйцэтгэж эсвэл хэдэн бүтээгдэхүүн нэмж борлуулж байж ашигтай ажиллах вэ гэдгээ сайн мэддэг болно.

Дүгнэлт: Хугарлын цэгийг олж мэдсэнээр 

  • Нийт зардлын хэмжээгээ мэдэж буй тул бүтээгдэхүүнээ борлуулах үнийг тогтооход амар байдаг.
  • Ашигтай ажиллахын тулд ямар хэмжээний борлуулалт хийх ёстой вэ гэдгийг сайн мэддэг болно, борлуулалтын хэмжээг тухай бүрт төлөвлөхөд амар байна.
  • Хугарлын цэгийн өөрчлөлтийг ажигласнаар бизнесийнхээ сул талыг олж илрүүлнэ.
  • Компанийн тогтвортой байдлыг тоон дүнгээр илэрхийлж, дүн шинжилгээ хийх боломжтой болно. 


"Peak education" -ны өмнөх хүчээлүүд: 

1. Softskills чухал уу, Hardskills чухал уу

2. Субординацийн алтан дүрэм