Мягмар гарагт Бразилын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ тус улсын нийслэл Бразилиа хотноо болсон байна. Хэт барууны үзэлт намаас нэр дэвшин ялалт байгуулсан түүнийг “Бразилын Трамп” хэмээн нэрийддэг юм.

Ж.Болсонару ёслолын арга хэмжээний үеэр үг хэлэхдээ, ялгаварлан гадуурхал хийгээд хуваагдалгүй нийгмийг цогцлоохоо амласан байна.

Арга хэмжээнд оролцсон зочдын дунд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Израилийн Ерөнхий сайд Беньяамин Нетаньяху нар багтаж байжээ. Уг арга хэмжээнд Куба болон Венесуэлийн удирдагчдыг уриагүй байна. Тэднийг яагаад уриагүй талаар Ж.Болсонару хэлэхдээ, тэд ардчилсан бус замаар засгийн эрхэнд гарсан бөгөөд тэд бол дарангуйлагчид гэжээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 28-нд зохион байгуулсан Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд 63 настай Ж.Болсонару Ажилчны намаас нэр дэвшигч Фернандо Хаддадтай өрсөлдөж, илт давуугаар ялалт байгуулсан билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK