Хурууны хээгээ таниулж, биометрийн мэдээллээ цаг хугацаанд нь эрх баригчдад өгөөгүйн улмаас Бразилийн 3,4 сая орчим иргэний аравдугаар сард болох ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд оролцох эрхийг нь хассан байна. Ийм шийдвэрийг тус улсын шүүх шатны дээд байгууллага болох Холбооны дээд шүүх лхагва гарагт гаргажээ.

Дээрх асуудлыг хэлэлцэх шүүх хурлыг хоёр удаа явуулж, төрийн мэдлийн телевизээр шууд дамжуулжээ. Сонгуульд оролцохын тулд хурууны хээгээ таниулж, биометрийн мэдээллээ заавал өгөх ёстой шаардлага Бразилид хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн байна. Шинэ тушаал шийдвэрийг цаг хугацаанд нь биелүүлээгүй иргэдийн сонгогчийн үнэмлэхийг автоматаар хүчингүй болгох аж.

Бразилийн эдгээр иргэд шаардлагатай журмыг ойрын өдрүүдэд хэрэгжүүлсэн ч сонгогчдын бүртгэлд тэдний мэдээллийг шинэчилж амжихгүй учир ирэх сонгуульд саналаа өгч чадахгүй аж.

Бразилид бүх нийтийн сонгууль /ерөнхийлөгчийн, парламентын, мужийн/ аравдугаар сарын 7-нд болох бөгөөд сонгуулийн өмнөх кампанит ажил наймдугаар сарын 15-нд эхэлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг