Гарааны бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулга энэ сарын 24-ний өдөр болох гэж байна. Тус чуулган энэ жил гарааны бизнесийн таатай систем бүрэлдэхэд зайлшгүй шаардлагатай нягтрал сэдвээр болох ажээ. Энэ талаар “Стартап Монголиа” төрийн бус байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Пүрэвсүрэнгээс тодруулга авлаа.

-Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган хэд дэх жилдээ зохион байгуулж байгаа бол?

-Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулгыг дөрөв дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Анх МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлалаар зохион байгуулж байлаа. Өнгөрсөн жил бид амжилттай гарааны бизнесийн экосистем үүсгэх таван алхмыг гаргасан. Энэ жил тэдний нэг болох “нягтрал” сэдвийн хүрээнд гарааны бизнес эрхлэгч, дундын оффис эрхлэгчид, менторууд, хөрөнгө оруулагчид хэрхэн харилцан холбоотой хамтран ажиллах сэдвээр хуралдана. Энэ сэдвийн хүрээнд Монголд байгаа бүх сoworking space буюу дундын оффис ажиллуулдаг компаниудыг, тэнд суудаг гарааны бизнес эрхлэгчдээ нэгтгэсэн

-Энтрепренерүүдийн нэгдсэн чуулганы зорилго юу вэ? 

-Монгол улсад энтрепренершипийг хөгжүүлэх, төрийн бодлого хуул эрх зүйн орчин, санхүүүжилтийн системийг сайжруулах,энтрепренерүүдийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа уялдааг сайжруулах зорилготой. Ерөнхий зорилт нь Монгол улсад таатай гарааны бизнесийн эко системийг бүрдүүлэх. 

-Анх зохион байгуулж байсныг бодвол өнөөдөр гарааны бизнесийн экосистемийн түвшин хаана явна вэ?

-Дөрвөн жилийн өмнө дөнгөж гарааны бизнес, энтрепренершип гэж юу вэ, Монгол улсад яагаад хэрэгтэй вэ гэж ярьж байлаа. Тэр үеэ бодвол одоо шал өөр болжээ. Ойлголт нь асар их нэмэгдэж, гарааны бизнес ч асар хурдацтай хөгжиж байна. Дөрвөн жилийн өмнөхөө харвал бид энэ жил шууд таатай гарааны бизнесийн эко системийн нэг бүрдлийн талаар хэлэлцэх гэж байна.

-Энэ жил хэд орчим хувь хүн байгууллага оролцох вэ? 

-Энэ удаагийн чуулганыг арав гаруй байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна. Чуулганы маань нэг чухал хэсэг нь үзэсгэлэн. Үзэсгэлэнгийн үеэр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дундын оффис эрхлэгч болон гарааны бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргана. Тэнд ирснээрээ Монголд ямар чиглэлийн гарааны бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгааг бас хаана ямар дундын оффис байгаатай танилцах боломж бүрдэнэ. -Энэ жил хуралдааны онцлогоос дурьдвал? 

-Нягтрал гэдэг сэдвийн хүрээнд байгаа бүх оролцогч талууд хамтдаа цуглаж байгаад ярилцана.

Ментор, хөрөнгө оруулагч, дундын оффис эрхлэгчдийн төлөөлөл нэгэн дор цуглаад яаж хамтарч ажиллах, төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлвэл таатай байх талаар ярилцаж хэлэлцэнэ. Ганцхан чуулган хуралдаад дуусчихгүй. Дотор нь гарааны бизнес эрхлэгчид дундын оффис эрхлэгчид зориулсан сургалт зохион байгуулна. Мөн энэ жил эмэгтэйчүүдийн манлайлал сэдвийг шинээр оруулж ирсэн. Гарааны бизнесийн ертөнцөд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх вэ гэдэг талаа сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Чуулганд маань МУИС-ийн профессор, туршлагатай ментор багш нар оролцох учраас зөвлөгөө өгнө. Сүүлд харилцаа холбоо тогтоох нетворкинг уулзалтанд оролцох боломжтой.

-Монголд энтрепренершипийг хөгжүүлэхэд юу хэрэгтэй байна вэ?

-Бид Монголд энтрепренершипийг хөгжүүлэхийн тулд үндсэн таван алхмыг барьж байна. Энэ судалгаа шинжилгээ нь 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын хөрөнгө оруулалтын компанийн туршлага дээр суурилагдсан. Энэ компани арав гаруй жил энэ чиглэлээр ажилласан учраас амжилттай гарааны бизнес эрхлэгчдийн эко систем үүсэхэд юу хэрэгтэй гэдэг дээр үндэслэсэн таван алхам гаргачихсан байна. Үүнд авъяас, ур чадвар, нягтрал, хууль эрх зүй, санхүү, харилцаа холбоо зэрэг таван алхамд тулгуурладаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол улсад энтрепренершип, гарааны бизнесийн таатай экосистемийг бүрдүүлэх зорилгоор суурь ойлголтыг өгөх, олон улсын жишгийг танилцуулах, чиглэлийн ажлыг үе шаттайгаар хийж ирсэн. Энэ ажлын үргэлжлэл болгон ээлжит чуулганаа гарааны бизнесийн таатай эко систем бүрэлдэхэд зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай нягтрал сэдвээр хийх гэж байна. 

-Энэ удаагийн чуулган оролцогчдод хэр өгөөжтэй болох бол? 

-Энэ удаагийн чуулганд оролцсоноор олон улсын энтрепренершипий хөгжүүлж буй арга барилтай танилцана, мөн гарааны бизнесээ байгуулах цаашид амжилтанд хүрэхэд шаардлагатай мэдлэг мэдээлэл авах, холбоо сүлжээ тогтоох, ирээдүйн бизнесийн хамрагчаа олох боломжтой.

-Бүртгүүлж амжаагүй хүмүүс хаана яаж хандах вэ?

-Энэ удаагийн чуулганд гарааны бизнес эрхлэгчид идэвхтэй оролцож байгаа. Хэрэв оролцохыг хүсвэл Ticket.mn-ээр тасалбараа захиалах бүрэн боломжтой.

Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2017

  • Хаана:
  • МУИС-ын шинэ номын сан
  • Хэзээ:
  • 2017 оны 11-р сарын 24 08:30
  • Зохион байгуулагч:
  • Start Up Mongolia
  • Тоглолтын төрөл:
  • Лекц илтгэл
  • Үргэлжлэх хугацаа:
  • 540 минут
  • Насны ангилал:
  • 12+

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганы хөтөлбөр: