УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Би өнгөрсөн 12 дугаар сард НӨАТ-ыг таван хувиар бууруулж таван хувь болгох тухай хуулийн төсөл өргөн барьсан юм. Харамсалтай нь батлаагүй. Цар тахлын улмаас эдийн засаг хүндрэлтэй байгаа үед НӨАТ-ыг таван хувь болгож бууруулах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Иймээс НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг өргөн барилаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ мөнгөн дүнг 3.2 сая хүнд хувааж үзэхэд нэг хүнд 1.6 сая төгрөг оногдох ёстой. Харамсалтай нь цар тахлын эсрэг арга хэмжээ байгаа онож байна уу гэдэг бас эргэлзээтэй. Тийм учраас ард иргэдэд ялангуяа аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж буй НӨАТ-ын хувийг багасгах замаар тэдний орлогыг өсгөх хуулийн төслийг боловсрууллаа. Ингэж НӨАТ-ын 5 хувийг бууруулах нь орон нутгийн иргэдэд бүр ч эерэгээр нөлөөлнө. НӨАТ-ыг ард иргэд 10 хувийг ннь төлдөг гэж ойлгоод байх шиг байна. Талх үйлдвэрлэхэд үйлдвэрлэлийн нэгж, шат болгон дээрээс авч байгаа татварууд нийлээд 300-400 төгрөгөөр нэмэгдэж очиж байна.