УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаад эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсэг гишүүдийн асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Хөдөөгүүр 41 хоног явлаа.Орон нутгийн иргэдэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, хэлэлцүүлгийн талаар ямар ч мэдээлэл алга. Үндсэн хуулийн хэлэлцүүлгэд бүхэл бүтэн аймгийн хэмжээнд 200 гаруйхан хүн оролцсон гэж байгаа юм. Ийм учраас бүх нийтээрээ хэлэлцүүлэх ёстой гэдгийг дахин сануулж байна.  Гэмт хэрэгт орооцолдсон, ЖДҮ-чин гишүүд энэхүү эцэг хуульд гар хүрнэ гэдэг өөрөө ёс зүйгүй асуудал. Үндсэн хууль бол эв нэгдлийн гэрээ. Нэг хэсэг өөрчлөлтөөр хожиж нөгөө хэсэг хожигдож болохгүй. Тийм учраас би Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй. 


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

"Ерөнхийлөгч төслөө оруулж ирснээс хойш Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл төсөл биш болсон. Зөвшилцлийн ажлын хэсэг гэсэн нэртэй мундаг сүр бараатай ажлын хэсэг байгуулчхаад төслийг танигдахын аргагүй болгоод өөрчилчихлөө. Гишүүдийн итгэл үнэмшлийг авч хуулийн төсөлд гарын үсэг зуруулчихаад Д.Лүндээжанцан гишүүн хуулиа хамгаалж дуугараасай гэж хүсч байна. Бид ер нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хэлэлцэж байгаа юм уу эсвэл Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм уу.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, байгалийн баялаг, шүүх засаглалын хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэхтэй холбоотой. Түүнчлэн УИХ-ын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой тухайлсан хэд хэдэн заалт бий. Үүнд УИХ-ын гишүүн бүр өөр өөрсдийн үзэл санаа, байр суурьтай байна. Гэхдээ энэ асуудалд Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар байр сууриа нэгтгээд, 57 гишүүнийхээ босгыг давсан саналыг аваад явах ёстой.