УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох, огцруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Тэрээр үүнийхээ дараа мэдээлэл хийв.

Мэдээллийнхээ үеэр Б.Пүрэвдорж гишүүн "Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал нэг гишүүний саналаар шийдэгдэх боломжгүй. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын гишүүд дураараа авирласан шийдвэр гаргадаг, ард түмний төлөө ажилладаггүй, хувийн эрх ашгийг харж асуудалд ханддаг болсон. Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох тухай тогтоолын төслийг ярихаар УИХ-ын 19 гишүүн байх ёстой гэж шийдвэрлэсэн нь үндсэндээ хариуцлага тооцох боломжгүй болж байна. МАН дотроо хоёр хуваагдсан нь аль нэг сайдад хариуцлага тооцох боломжгүй болгож байна. Үүнээс гарах гарц болгож, Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох, огцруулах тухай хуулийн төсөл боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хангалттай шалтгаан байна гэж би үзэж байгаа. Малчдын малаа борлуулах үнэ энэ намар маш их унасан. Дунджаар нэг хонийг 125.000 төгрөгөөр борлуулдаг байсан бол өнөөдөр 100.000 төгрөг болсон. Нэг адууны үнэ 100.000 төгрөгөөр унасан тохиолдол гарсан. Энэ нь малчдын амьжиргаанд муугаар нөлөөлж байна.

Үүний үндэслэл нь юу вэ гэхээр, ХХААХҮЯ махны экспортод квот олгодог болсноос малын үнэ унасан. Өөрөөр хэлбэл, ХХААХҮЯ хятад голдуу эзэнтэй 10 гаруй компанид махны экспортын квот олгодог. Эдгээр компани нь бусад 100 гаруй компанийн нэг кг мах тутмаас 3000 төгрөгийн төлбөр авч гаргаж байна. Энэ мөнгийн малчдаас авах малын үнийг бууруулж, нөхөж олж байна. 

Тиймээс Ч.Улаан сайдыг огцруулах асуудлыг УИХ-д тавьж байна. Үүнийг УИХ-ын гишүүд нээлттэй хэлэлцэж, дэмжинэ гэж найдаж байна" хэмээн мэдэгдлээ.