“Чингис хаан” банкныхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нөлөөлж, сэтгүүлчдийг дарамталсан гэх асуудлаар Монголын сайтын холбооны УЗГишүүн, "Ц.Балдорж" шагналт, TVMongolia.mn сайтын сэтгүүлч Б.Оюун-Эрдэнээс мэдээлэл хийлээ.

 TVMongolia.mn сайтын сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэ

Би сэтгүүлзүйн салбарт 20 жил ажиллаж байна. Өнөөдөр ЭМД-ийн мөнгийг хууль бусаар ашигласан "Чингис Хаан" банкны талаар бичсэнээсээ болоод дарамт хүлээж байна. ЭМД-ын мөнгийг аль нэг банкинд 15.2 хувийн хүүтэйгээр хадгалуулдаг. Үүнийг “Чингис хаан” банк өөрсдөдөө ашигтай байлгахаар ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг даргад хахууль өгч хүүг  5.5 хувь хүртэл багасгасан. Энэ нь АТГ-ын шалгалтаар илэрсэн. 2017 оноос эхлэн ЭМД-ын мөнгийг “Чингис Хаан” банкинд байршуулсан байдаг. Үүнээс үзвэл дөрвөн тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олох байсан. Гэтэл энэ мөнгөний хүүг 5.5 хувь болгосноор хүү нь 1,6 тэрбум болж байна.

Энэ хэргийн талаар “Чингис хаан” банк яагаад хүүг буулгасан, тус банкны ТУЗ-ийн гишүүд улс төрчтэй хамаарал бүхий этгээд байсан талаар мэдээлсний төлөө сэтгүүлч намайг утсаар болон бусдаар дамжуулан сүүлд хоёр том биетэй залуугаар хүртэл дарамт учрууллаа. Тэдний талаар мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллага руу утасдаж хурдан устгахыг шаардсан байгаа юм. Бараг ихэнхийг нь устгуулсан. Үүний ард дарамт шахалт учруулсан ч байх магадлалтай. Над руу хандаж мөнгө төгрөг санал болгосон. Энэ бол сэтгүүлчийн ажил учраас би тэдний санал болгосон мөнгийг аваагүй. Учир нь энэ бол хэн нэгний өгөө авааны асуудал биш. Татвар төлөгч бидний ирээдүйг хулгайлж байгаа хэрэг.

Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг:

Монголын сайтын холбоонд 72 сайт байдаг. Сайт бүр сэтгүүлч эзэнтэй. Ард түмэнд үнэн бодит мэдээлэл хүргэх зорилготой. Бидэнд дарамт ирдэг ч өнөөдрийнх шиг хоёр залуу ирээд “та нар хэн юм, сэтгүүлчдийг худалдаж авч болдог биз дээ” гэх мэтээр доромжилж, дарамталсан үйлдэл гарч байсангүй.  

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн  мэдээлэл хүргэх эрхийг бүү хязгаарла. Сэтгүүлчид зөв мэдээлэл түгээх үүрэгтэй. Жилдээ 400 тэрбум төгрөг ЭМД-д хуримталдаг. Үүний 30 тэрбум төгрөгийн асуудлыг сэтгүүлч хөндсөн. Үлдсэн 360 тэрбум төгрөг мөн хаана байгааг та бүхэн  судалж үзэхийг хүсэж байна” гэлээ.