Фэйсбүүкийн пост, бичвэрийг л сурах бичигтээ оруулчихсан байна гэвэл та итгэх үү. Энэ бол шинээр зохиогдон сурагчдын гар дээр очоод удаагүй байгаа 11 дүгээр ангийн сурах бичиг. Бичвэрийн эзэн нь нийтлэлч Г.Галбадрах. Багшаас ажлаас гараагаа эхэлсэн тэрбээр энэ талаар “Бичвэр минь сурах бичигт орсонд баярлах биш эмгэнэж байна. Улстѳрийн хий үзэгдэл болох "Сайд" нэртэй тэнэгүүдээс шалтгаалж, Монголын боловсролын салбар одоо элгээрээ хэвтэх дээрээ тулж. Бодлогын үр дүн нь хамгийн багадаа 12 жилийн дараа мэдрэгдэж эхэлдэг боловсролын салбараараа ингэж тоглож, тоглуулж болохгүй” гэж бичжээ. 

Олон ч сэхээтнүүд, нийгмийн түүчээ болсон эрхмүүд энэ салбарын гашуун үнэнийг дэлгэж эрх мэдэлтэнгүүдийн эгдүүцлийг төрүүлж ирсэн цаад шалтгаан нь ч энэ. 

Өсч, өндийж байгаа хүүхдүүд маань боловсролын салбарт хэрэгжиж буй бодлогогүй, туйлбаргүй бодлогоос болж, боловсорч чадахгүй, туршилтын туулай болсоор өдийг хүрсэн нь үүний баталгаа юм. Бодит байдал яг л ийм. Өнөөдөр гэхэд ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид тендерийн будлианаас болоод сурах бичиггүйгээр хичээлээ үзэж байна. Оноос өмнө хэвлэгдэнэ гэж яамныхан хэлсэн ч хэрхэх эсэх нь тодорхойгүй. Нэмээд сургууль, цэ­цэрлэгийн хүрэлцээ тааруу гээд боловсролын салбарт эцэг, эхчүүдийн үйлийг үзэж байгаа асуудал тоо томшгүй их.

Сонгууль болохоор энэ сэдэв хөндөгдөн бүгд л боловсрол гэсэн эмзэг сэдвийг ярьцгаадаг. Гэвч начир дээрээ үе үеийн засгийн газрууд энэ салбарт боловсролгүй эрх мэдэлтэнгүүдээр боловсролын салбарыг удирдуулж ирсэн нь дампуурахын ирмэг дээр хүргэчихсэн гэхэд хилсдэхгүй биз. Уг нь яам урдаа барьсан бодлоготой ч хүртээмжгүй, эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсдоггүйн үр дагавар нь ч энэ юм. Тиймээс аль нэгэн сайдыг чичлэх нь угаасаа утгагүй.

Өмнө нь энэ салбарыг толгойлж ирсэн сайдуудын намтрыг сөхвөл яг салбараа мэддэг, эрдмийн хүн бараг алга. Бүгд улс төрийн томилгоогоор эсвэл “бэлгийн суудал” болж ирсэн нь нууц биш. Улс тѳржиж болдоггүй, мэргэжлийн баг удирдаж явах учиртай энэ салбарыг зоригтойгоор ѳѳрчлѳхөөс аргагүй болжээ. Алийн болгон улс тѳрч нэртэй хүмүүсийн албан тушаал төдийгүй эд барааны шахааны бизнес болгон боловсролын яамыг өгч, өөрсдийн ирээдүйгээ золиослох ёстой гэж. 

Нийгмийн салхи өөр зүг рүү сэвэлзэж, дэлхий дахин боловсролыг шал өөр өнцгөөс харах болсон энэ үед шалгуур хангасан мэргэжилтэй хүмүүсээрээ яамыг удирдуулах цаг  болсныг ар араасаа хөврөх асуудлууд баталж байна. Тухайлбал сайд болох чадвартай хүмүүсийн тоонд ШУТИС-ийн захирал хийж байсан, гавьяат багш Д.Бадарчийг нэрлэж болно. Эрдэмтэд түүнийг энэ салбарыг авч явах хүн гэдэг юм билээ.

Дэлхийн дээд боловсролын сүлжээнд ШУТИС-ийг нэгтгэх ажлыг эхлүүлсэн, МУ-аас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д өндөр дээд албан тушаалд сүүлийн 16 жил ажиллан олон улсын хэмжээнд боловсрол, шинжлэх ухаан, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж яваа гээд түүнийг тодотгох зүйл олон. 2004 онд гаргасан "Системийн сэтгэлгээ” ном нь ч эрдэмтэн судлаач, эдийн засагч нарын голлох гарын авлага болсоор ирсэн юм. 

Тэрбээр ЮНЕСКО-д ажиллах хугацаандаа дэлхийн 30 гаруй улс орны сургалтын нээлттэй нөөцийн талаар туршлагыг нэгтгэн судалсан байдаг. Үүнийгээ цуврал ном болгон хэвлүүлж, мэдээллийн технологийг сургуулийн өмнөх, бага сургуулийн түвшинд нэвтрүүлэх асуудлаар 3 жилийн төсөл удирдсан юм. Анхны МООС (Massive Open Online Course) боловсруулж хэрэгжүүлсэн нь АНУ-ын ерөнхийлөгчөөс багш нарын заавал үзэх 50 онлайн хичээлийн жагсаалтад багтсан юм. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэн Засгийн газар хоорондын комиссын хурлыг гардан зохион байгуулж байна. 

Одоо ЮНЕСКО-гийн “Соёл хоорондын харилцаа” хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд “Евро-Арабын харилцаа”, “Бакугийн соёл хоорондын харилцааны форум”, Саудын Арабын төслийн ерөнхий зохицуулагч, “Торгоны замын зураглалын төсөл”-ийн зохицуулагч зэрэг үүрэгт ажлыг гүйцэтгэж буй.

Түүний намтар Америк, Английн намтар судлалын төвөөс эрхлэн гаргадаг лавлах номонд нэр нь 2 удаа багтсан байдаг. Мөн АНУ-ын Юта мужийн улсын коллежийн хүндэт профессороор өргөмжлөгдсөн. 

Энэ бүхнийг юуны учир дурьдав аа гэхээр боловсролыг аль нэг нам, улс төрчийн эрх ашиг төдийхөн бус, том зургаар нь харж чаддаг эрдэмтдийн төлөөллийг л төрд гаргаасай, улс төржсөн томилгоо хийдэг хайрцаглагдсан сэтгэлгээгээ боловсролын яам дээр бүү гаргаасай гэж хэлэх гэсэн юм.

Бүх зүйлд хэмжүүр бий. Боловсролын яамны сайд болох хүнийг боловсролоор нь судлах, бодох сэтгэх чадамжаар нь сонгох ёстой. Томилгооны балгийг хангалттай амсч “шархадсан” салбарын сайдыг томилохдоо шийдвэр гаргагч нар том зургаар нь хардаг эрдэмтэн хүнийг сонгож, эрс шинэчлэл хийнэ гэдэгт найдаж байна. Эцэст нь хэлэхэд аль ч улс оронд боловсролын салбар л улс төрөөс ангид зөвхөн мэргэжлийн хүнээр удирдуулдаг юм билээ.