Энэ бол гэр бүлээрээ аялагч “Мongolian couple” нэрээрээ танил болсон Б.Маналжав, М.Золзаяа нар юм. Тэднийг энэ удаагийн “Бидний амьдралын түүх” буландаа зочноор урьлаа. Залуу хосууд аялахын тулд Солонгост сурч ажиллангаа санхүүгээ бүрдүүлдэг ажээ. Бас тэд амьдралын сонирхолтой түүхүүдээс хуваалцаж байна.



ТАНСАГЛАЛД БИШ ИРЭЭДҮЙДЭЭ ХИЙСЭН ХЭМНЭЛТ

Хүмүүс танилцаж бие биенээ танихдаа сонирхол нэгтэй гэдгээ мэдэрч зөнгөөрөө ойртож, дотносдог. Харин бид хоёр эсрэгээрээ, огт өөр хүсэл мөрөөдөл, сонирхлоо нэг хүнийх шиг нэгтгэж чадсан гэж боддог юм.

Магадгүй зарим нэг нь биднийг мөнгө хөрөнгөтэй айлын хүүхэд гэж зарим нь эндүүрдэг болов уу. Санхүүгээ яаж босгодог вэ, яасан азжаргалтай юм бэ дэлхийгээр аялаад гэдэг юм. Яг үнэндээ бид жирийн л айлын хүүхэд, эхнэр Солонгос байхдаа аавыгаа би дунд сургуульд байхдаа ээжийгээ алдсан. Хэрэндээ л зовлон үзэж, амьдралын төлөө зүтгэж яваа залуу хосын нэг.

Санхүүгийн хувьд бид хүний нутагт арайхийн олсон мөнгөө хэрэгцээгүй хэрэглээнд үрж чаддаггүй. Гар утсаа гэхэд хэзээ ч дараа төлбөрт болгож байгаагүй. Бүх цалингаа хадгаламжиндаа хийгээд гар дээрээ 10-хан мянган вонноор сар амьдарч байсан гэхээр  зарим хүмүүс итгэдэггүй. Мэдээж цалин өндөртэйг нь бодож шөнийн ээлжинд гарч байгаагүй бол ийм хурдан хугацаанд хуримтлал үүсгэх амар биш. Гол нь ажиллаж байсан үйлдвэр маань өөрийн байрандаа байлгаад өдөрт 7000 вонныг хоолны зардал гэж өгдөг нь дэм болсон. Тэр мөнгөө хүртэл хэмнэдэг байсан шүү. Өдөр болгон өнөө л кимчи, будаа, ус...Махыг бол мартсаан, мартсан. Хамтдаа амьдарч байгаа хэрнээ хамт байх цаг хугацаа тун ховорхон зөрөөд л ажилдаа гарцгаана. Энэ бүхнийг мэдэрсний дараа “Мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг хүний хүсэл үргэлж биелдэг юм” гэдгийг ойлгосон.


ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСЭН ГЭРЭЛТЭЙ ЦОНХ

 

Хүн бүхэн л өөрийн түүхтэй. Бид бага насаа Эрдэнэтэд өнгөрөөсөн. Орой вагонд сууж маргааш нь хотод ирдэг байлаа. Үүрээр хорооллын дэнж дэх ахынхаа гэр рүү хүнгүй шахам газраар хоёулхнаа даарчихсан алхаж явахдаа энд тэнд гэрэл нь асаастай угсармал байрны цонхыг хараад энэ айлууд ам бүлээрээ дулаахан байгаа даа, одоо л сэрцгээж байх шиг байна гээд л ярилцана. Тэр үед үнэндээ бидэнд аялна гэсэн бодол санаанд ч ороогүй. Харин тэр дулаахан цонхны цаана байгаа айлуудын адил байртай л болчих юм сан гэж бодож явлаа. Хотод ирээд хамтдаа орох ажлаа голдуу хамтдаа хайдаг байлаа. Зарын сонин авах мөнгөгүй учраас их дэлгүүрийн сонины цэг дээрх зарыг нь уншаад цээжилчихээд гардаг сан. Тэр үед ерөөсөө “Би өөрөө л хичээх ёстой. Тахир дутуу хүн биш шүү дээ”  гэсэн бодол толгойд орж ирсэн. Ингээд л бид Солонгос явах шийдвэрийг гаргасан. Гэхдээ эхлээд өөрөө дараа нь эхнэрээ татах зорилготойгоор явж билээ. 

Өглөө 8-аас хичээлдээ яваад 2 цагт тарна, тэндээсээ дотуур байрандаа очоод 4-хөн цаг унтаж амраад босч усанд ороод орой 5 цагт ажилдаа явж үүрийн 4 цаг хүртэл ажилладаг байсан. Яг энэ хэмнэлээр жил ажиллаад 10 гаруй сая төгрөг гар дээрээ цуглуулж эхнэрээ Солонгост авчирч байлаа. Хамтдаа болсноор итгэл найдвартайгаар илүү томоор мөрөөдөж эхэлсэн. Гэхдээ амар байгаагүй. Мөнгө их олдог ч туйлдатлаа ядарсан үе бидэнд зөндөө. 

Хоёр жилийн өмнө эхнэр маань хөл хүнд болж сургуулиасаа чөлөө авч Монголд ирсэн. Харин аз болоход бид хүүгээ төрөхөөсөө өмнө байрныхаа мөнгийг цуглуулж амжсан. Энэ бол 3 жилийн зогсоо зайгүй ажилласны шагнал, хичээл зүтгэлийн үр дүн байлаа.

Анх байрны лизинг сонирхож байсан ч хэд дахин нугалж төлөх учраас бэлнээр авахаар зориг шулуудсан. Ингээд хажуугаар нь даараад явж байхдаа дандаа хардаг байсан угсармал байрандаа 2016 оны 9 дүгээр сард 2 өрөө байраа авсан юм. Бүр зорин байж зар тавьж байгаад авсан шүү. Одоо ч гэсэн бид 2 хоол хүнсээ дэлгүүрээс цуглуулаад харьж явахдаа хүсч мөрөөдөж байсан байрандаа орчихсон гэхээр итгэж чаддаггүй, нэгнээсээ үнэн юм уу гэж асууцгаадаг. Эхнэр гал тогоонд хоолоо хийгээд, хүүхэд хивсэн дээр тоглоод, би “Хайраа ирчихлээ” гээд орж ирэх тэр мөч. Үнэндээ энэ бүхэнд итгэж чадахгүй байлаа. Гэхдээ зүүд биш бодит байдал байсан. Бид үүнийг хамтдаа хийцгээсэн юм


ИНГЭТЛЭЭ ЯДАРЧ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ЗААВАЛ АЯЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮҮ?



Ядарч олсон мөнгөөрөө заавал аялах хэрэгтэй юм гэж үү. Бүр хүүхэдтэйгээ шүү. Олон хүн ингэж асуудаг. Гэхдээ бид амьдралынхаа төлөө өдөр шөнөгүй ажиллаж зүтгэцгээсэн учраас яагаад аялж болохгүй гэж боддог. Амьдрал гэдэг чинь мөнгө хуримтлуулах цаг хугацаа биш хайртай хүмүүстэйгээ хамт амьдрах, хайрлах хором мөчүүд биз дээ. Тэгж хэрэндээ хөдөлмөрлөсөн учраас бид өөрсдийгөө шагнахаар шийдсэн юм. Аялалд гарна гэдэг тэр чигээрээ кайф, догдлол. Очих газар маань төсөөлснөөс ямар бол, захиалсан буудал танилцуулга дээрх зураг шигээ болов уу гээд бөөн хүлээлт үүсдэг. Тийм ч учраас охиноо 7 сартай байхад нь Зүүн Өмнөд Ази руу аялахаар гарч байлаа. 


10 КМ ГАЗАР ХҮҮГЭЭ ТЭВРЭЭД ӨВДӨГӨӨ САЛГАЛТАЛ АЛХСАН МИНЬ


Солонгост сурч ажиллахын хажуугаар заавал төлөвлөж аялж байсан  бид бүл нэмлээ, айл боллоо. Гэтэл цаг наргүй ажиллаж байсан учраас баахан цаг зав гараад байх шиг нэг л эвгүй. Ингээд л аялалд гарахаар шийдлээ. 

Аав ээж маань хүүхдээ ийм бага байхад заавал аялах хэрэг байна уу гээд л бүгд л эсэргүүцэв. Гэсэн ч өөрсдийнхөөрөө шийдэж замдаа гарсан. Эхний зогсоол нь Аватар аялал гэгддэг Zhangjiajie. Ид нар ээсэн зуны зургаан сар учраас маш их халууцсан. Хүүгээ тэврээд бараг 10 км газар уул руу өвдөгөө чичирч салгалтал алхсан шүү. Харин буусан хойноо лифтээр буучихаж болох байсныг мэдэж инээдэм болцгоосон.

Олон газраар аялж байхад хамгийн сэтгэл дотно нь Солонгос орон. Хүмүүс нь соёлтой, бусдыг хүндэлдэг. Жишээ нь Хятадад хүүхдээ тэвэрчихсэн, баахан тээштэй зогсч байхад таксины жолооч нь тусладаггүй. Гэтэл  Солонгост өндөр настай хүмүүс хүртэл хүнд ачааг өргөж зөөхдөө түүртдэггүй, хоолонд ороход хүртэл захиалаагүй байхад хүүхдэд маань тусад нь хоол зууш заавал өгнө, толгойг нь илж өхөөрдөнө. Магадгүй хэлийг нь ойлгодог болохоор тэр биз ээ. 

Биднийг аялалдаа авч яваач гэдэг залуус цөөнгүй. Магадгүй бидэнд хандвал тусдаа аялал зохиож болох юм. Энэ талаар бид бодож төлөвлөж байгаа. Олуулаа явах илүү сонирхолтой бас хэмнэлттэй шүү дээ. Ядаж л эхнэрүүд шоппинг хийж байхад эрчүүд хоорондоо ярилцаад хүлээж болно. 


ЯАГААД ЭХ ОРНООРОО АЯЛДАГГҮЙ ЮМ БЭ



Зарим хүмүүс та 2 яагаад монгол орноороо аялдаггүй юм бэ, гадаад оронд биш эх орондоо хөрөнгө оруулалт хийгээч гэдэг. Би багаасаа л гадаадад суралцаж амьдрахыг хүсдэг байсан. Түүндээ ч хүрсэн. Тэнд очоод тухайн орон яаж хөгжиж байгааг, хүмүүс яаж соёлжиж боловсрол эзэмшиж байгааг харах сонирхолтой санагддаг. Тийм учраас гадагшаа аялах дуртай. Миний бодлоор “Аялал гэдэг өөрийнхөө зургийг дараад бусдад явсан гэдгээ томорч ярих, сошиалд тавихын нэр биш юм. Тэр аялж яваа газраасаа, аяллаасаа  юуг ойлгов, монгол залууст шинэ мэдээлэл өгч тэднийг орчлонг арай өөр талаас харж залуус бид нарт ямар их боломж байгааг ойлгуулахыг хичээдэг.


АЯЛАЛД ГАРАХДАА ЗААВАЛ МЭДЭХ ЗҮЙЛС

Хамгийн гол нь зориод , сайн төлөвлөгөө гаргах чухал. Зоригловолхэн ч аялж чадна. Боломжтой хүн аялдаг гэж гэсэн бодлыг хаяад өөртөө итгэвэл зам таныг хөтөлнө. Бид эхлээд фэйсбүүк дэхь “Дэлхийгээр аялсан Монголчууд” группын байнгын уншигч байлаа. Бүр бичиж тэмдэглэж авдаг байсан, одоо бол ихэвчлэн скрийншот хийчихдэг.  Тэнд аялсан тухайгаа бичсэн хүмүүс түүртэхгүйгээр асуултанд хариулдаг учраас олон хэрэгтэй мэдээлэл олж авсан.  Буудлаа ихэвчлэн сарын өмнө www.booking.com-оор, тийзээ ч бас интернэтээр  харж байгаад захиалчихвал хямд тусдаг. Мэдээж хэт эрт захиалах хэрэггүй. Тийзний үнэ 3 цаг тутамд өөрчлөгдөж байдаг учраас эгзэгийг нь харж байгаад захиалчихдаг. Бас онгоцны буудал дээрээ цагаа зөв тооцоолж эрт очих маш чухал. Хямд авсан тийз учраас буцаан төлөлт өгдөггүй юм билээ. Хоцорчихвол захиалсан буудал, аялал бүгд нурна гэсэн үг.