АНУ-ын Боинг компани маргаан дагуулаад байгаа 737 Макс онгоцны нислэгийн удирдлагын компьютер, хөдөлгүүрийн аюулгүй ажиллагааг дахин шалгах туршилтын гурван хоногийн нислэгийг Холбооны агаарын тээврийн газартай хамтран энэ долоо хоногт үйлдэж байна.

Туршилтын нислэг Сиэтл хотоос хөөрсөн бөгөөд тус компанийн үйлдвэр байрладаг Вашингтон мужийн дээгүүр үйлдэв. Нислэгийн явцад агаарт хөлгийн маневр, автомат жолоодлого гэх мэт олон зүйлээр турших юм. Аюулгүй ажиллагааг баталгаажуулбал энэ намар гэхэд нислэгт гарч эхлэнэ гэв.

2018 оны 10 дугаар сарын 29-нд Индонезийн Лион Эйр компанийн Боинг 737 Макс  онгоц Явын тэнгист осолдож зорчигч болон хөлгийн багийн 189 хүн нас барсан бол 2019 оны 3 дугаар сарын 10-нд Этиопт болсон аймшигт ослоор 157 хүн нас барсан юм. Түүнээс хойш дэлхий даяар борлуулагдсан бүх Боинг 737 Макс онгоцнуудыг эргүүлэн татсан билээ.