Озоны давхарга цоорвол хүн төрөлхтөн устана. Үүнийг судалдаг хүмүүс бол тандан судлаачид юм. Бид энэ удаа озоны давхарга болон дэлхийн дулаарлын талаар даацтай судалгаа хийдэг доктор, профессор Ц.Адъяасүрэнгээс тодрууллаа.


Монголын газар нутгаас гурав дахин их хэмжээтэй озоны давхарга нөхөгджээ

Озоны давхарга нь нарнаас ирэх хортой хэт ягаан туяанаас манай гараг, хүн төрөлхтнийг хамгаалж, дэлхийн амьдарлыг хэвийн байлгахад тусалдаг эмзэг хийн “бамбай” юм.  Химийн хортой бодисууд озоны давхаргатай урвалд орж зохист хэмжээг алдагдуулсныг озоны цоорол гэнэ. Ингэснээр нарны хортой хэт ягаан туяа дэлхийн гадаргад шууд тусч, хүний дархлалын системийг доройтуулдаг байна. Нүдний болор цайх, сохрох, арьсны хорт хавдар үүсгэх, эрт хөгшрүүлэх, экосистем алдагдах, ургамлын гарц буурах, давжаарах зэрэг олон сөрөг нөлөөтэй.  Иймээс ч олон улсын байгууллагууд энэ асуудлыг анхааралдаа авч 1985 онд Венийн конвенц баталжээ. 1987 онд Озон задалдаг бодисуудын үйлдвэрлэлийг зогсоох, тоо хэмжээг хязгаарлах талаар  Монреалийн протоколд дэлхийн 197 орон нэгдсэн байдаг.  

Уг протоколын дагуу озон задалдаг химийн бодисуудын хэрэглээг 2010 онд дэлхий нийтийн хэмжээнд бүр мөсөн зогсоосон. Ингэснээр озоны давхарга нөхөгдөж чадах эсэхийг ажиглан судалсаар буй. 

Хамгийн сүүлийн мэдээгээр озоны давхаргын цооролт 25 сая километр талбай буюу БНХАУ-ын газар нутгийг гурав дахин нийлүүлсэн хэмжээнд хүртлээ цоорсон байжээ. Энэ мэт өөрчлөлтийг мэдэх ганц боломж нь хиймэл дагуулын мэдээгээр үнэлгээ хийх юм. Чихэнд “чимэгтэй” нэг мэдээ дуулгахад ажиглалтаар Антрактид дээрхи озоны цоорхой 4 сая км талбай нөхөгджээ. Энэ нь Монголын газар нутгаас даруй гурав дахин их юм. 


2041 он гэхэд бүрэн нөхөгдөх  боломжтой хэдий ч...

Озоны цоорлын буруутан нь томоохон үйлдвэрүүд юм шиг боловч хүний нөлөө асар их. Хэрэв хүмүүс дор бүрнээ байгальд хортой хэрэглээг багасгаж чадвал дээрхийн адил эерэг үр дүнг үзэхэд ойрхон аж. Судлаачид озоны нийт цоорол 2041 он гэхэд бүрэн нөхөгдөх  боломжтой гэж таамаглаж байна.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр зарим улс орнууд озон задлагч бодисуудыг хууль бусаар үйлдвэрлэж асуудал дагуулсаар буй. Ажиглалтын зургаас Зүүн Азийн зарим улс энэ төрлийн химийн бодисыг идэвхитэй үйлдвэрлэж байгаа нь илт харагддаг аж.  Энэ нь озоны цоорлын хэмжээг нэмэгдүүлж, нөхөгдлийг удаашруулж байна.  


 Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Сибирийн ойн их намаг хайлна

Цаг уур судлаачдын дүгнэлтээр дэлхийн температур өнгөрсөн мянгантай харьцуулахад ихээхэн нэмэгдсэн. Их Британийн судлаачид Гренландад хийсэн судалгаагаар 1994 оноос хойш 28 триллион тонн мөс хайлсныг тогтоожээ. Үүний улмаас далайн түвшин нэмэгдэж, уур амьсгал эрчимтэй өөрчлөгдөж байна. 

Жишээлбэл Хойд туйлын мөс хайлснаар салхины хуйлраан суларч, хүйтний хэмжээ, давтамж өөрчлөгдсөн байна. Түүнчлэн Сибирийн ойн их намаг хайлснаар тэнд агуулагддаг метан хий агаарт гарч болзошгүй байгаа аж. Хэрэв тэгвэл метан нь хүлэмжийн хий тул эргээд дэлхийн дулаарлыг улам түргэсгэх хүчин зүйл болж хувирах нь.

Сүүлийн 26 жилийн турш сансрын хиймэл дагуулын авсан зураглалын харьцуулалт. Зургаас үзэхэд цас хайлж цав цагаан Гринландын өнгө ийнхүү өөрчлөгджээ.

Монголын нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна

Тэгвэл манай улсад дэлхийн дулаарал хэрхэн нөлөөлж байна вэ. Энэ талаар доктор, профессор Ц.Адъяасүрэн “2100 онд монголчууд Богд уулаа модтой нь харж чадахгүй байх ч эрсдэл бий.” гэлээ. Дэлхийн дулаарал монголд нэлээд эрчимтэй нөлөөлж байгаа аж. Олон жилийн дунджаар манай улсад  3 жилдээ нэг удаа ган тохиодог.  Харин сүүлийн жилүүдэд  ган, зудын давтамж нэмэгдсээр байна. Үүнийг дагаж ургацын хэмжээ эрс буурдаг.  Хэрэв энэ маягаар үргэлжилбэл хүнсний хомсдолд орох аюул ойрхон гэж судлаач онцолж байна. Тандан судлалын зургаас үзэхэд Монголын нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэнэ. Хэрэв энэ маягаар байвал говийн бүсийн  хэмжээ хойш тэлж  2100 он гэхэд Богд ууланд хүрэх тооцоолол гаргажээ.

1990-2010 оны хооронд  ногоон тал хээрийн бүсийн 12 орчим хувь нь цөлжжээ.