ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож байна.

Ой тохиож байгаатай холбогдуулан “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт тус үзэсгэлэнг 2019 оны тавдугаар сарын 01-ны өдрийн 11:40-д Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээх гэж байна.

“Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэнд Жавзандамба хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилийн сүмбүм, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухаг нийт 60 гаруй үзмэрийг дээжлэн тавьсан болно.


Наймдугаар Богд гэгээн бол Их Хүрээний дэг дэглэмийг сайжруулахыг хичээн, жаяг дэглэм зохиож, Шадүвлин хийдийн жаягийг бичсэнээс гадна Өндөр гэгээн, Бурхан багш, Богд Зонхова, Өндөр Жанрайсиг тэргүүтэн бурхан шүтээн бүтээж, Шэйравпэлжэйлин ордон, Идгаачойнзинлин дацан, Дандарлингийн аймаг, Эх дагины аймаг, Чойжон сахиусны сүм тэргүүтнийг бүтээн Хүрээ барын Ганжуур, зэс барын Жадамба судрыг хэвлүүлэн тархааж, Цамын баг, Дүйнхорын лойлон тэргүүтнийг шинээр бүтээлгэж, түвэд хэлээр нэг сүмбүм ном туурвисан шашин номын их хутагтан юм.