НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Boeing” компанийн ерөнхий захирлын албан тушаалаас огцруулж, захирлуудын зөвлөлөөс хассаны нөхөн төлбөрийн хувиар Деннис Меленбергт 39 сая ам.доллар төлөхөөр болсон тухай “ABC” телевиз эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ.


Тус телевизээр мэдээлснээр,  “Boeing 737 MAX” загварын хоёр онгоц сүйрсэнтэй холбоотой дуулиан шуугианаас улмаас огцорсон Меленбергт хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны нөхөн олговор олгох аж. Нөхөн олговрын хэмжээг албан ёсоор мэдэгдээгүй байна. Гэхдээ “ABC” телевизийн эх сурвалжийн мэдээлснээр, Меленбергт нөхөн төлбөр буюу "алтан шүхэр"-ийг 39 сая ам.долларын үнэт цаас, хувьцаа хэлбэрээр төлөх ажээ.


“Boeing” компани Меленбергийг огцруулахаар болсныг 12 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн бөгөөд ТУЗ-ийн дарга Дэвид Кэлхуныг шинэ ерөнхий захирлаар томилсон байна. Тэрбээр 2020 оны нэгдүгээр сарын 13-нд үүрэгт ажилдаа орно.


Эх сурвалж: Монцамэ агентлаг