ВАШИНГТОН. /CNN/. Саудын Арабын агаарын тээврийн “Flyadeal” компани “Boeing 737 Max” загварын 30 нисэх онгоц худалдан авах захиалгаа цуцалсан байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезод, энэ оны гуравдугаар сард Этиопт “737 Max” загварын нисэх онгоц осолдсоны улмаас 346 хүн алдсантай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ. 

Өнгөрсөн гуравдугаар сараас хойш “737 Max” онгоцны нислэгийг дэлхий даяар түр зогсоож, “Boeing” компанийн мэргэжилтнүүд доголдлыг засахаар ажиллаж байгаа юм. 

Boeing” компанийн мэдээлснээр, “Flyadeal” хуваарьтай холбоотой нөхцөлийн улмаас урьдчилсан захиалгаа цуцалсан ажээ. Flyadeal компанийн хувьд “737 Max” загварын онгоцны оронд “Airbus A320” онгоцыг худалдан авахаар болсон байна.

737 Max” онгоцонд хийсэн шинэчлэлтийг зургадугаар сарын сүүлээр баталж, долдугаар сарын эхээр туршилтын нислэг үйлдэхийг зөвшөөрөх төлөвтэй байсан хэдий ч уг загварын онгоцонд дахин доголдол гарсан талаар АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газар /FAA/ зургадугаар сарын эцсээр мэдээлсэн юм. Үүнээс үзэхэд “737 Max” онгоц дахин хэзээ нислэгт гарах эсэх нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг