НЬЮ-ЙОРК. /АР/. Америкийн агаарын тээврийн “American Airlines” компани “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудын нислэгийг хориглох хугацааг есдүгээр сарын 3-ны өдөр хүртэл сунгасан тухайгаа цахим хуудсандаа мэдээлжээ.


“MAX” загварын онгоцуудын нислэгийг цуцлах хугацааг “American Airlines” өнгөрөгч дөрөвдүгээр сард наймдугаар сарын 19 хүртэл сунгаж байжээ. Хугацааг дахин сунгаснаа тус компани тайлбарлахдаа, зорчигчдод аяллаа илүү сайн төлөвлөх боломж олгоно гэсэн байна.


Компанийн мэдээлэлд дурдсанаар, есдүгээр сарын 3 хүртэл өдөр бүр 115 орчим нислэг цуцлагдах аж.


Энэ оны гуравдугаар сарын 10-нд агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 MAX 8” нисэх онгоц Этиопт осолдсоны улмаас 157 хүн амиа алдсан билээ. Үүний дараа ОХУ, АНУ, ЕХ-ны орнууд тэргүүтэй олон улс аюулгүй байдлыг хангах үүднээс ийм загварын нисэх онгоцуудыг нислэгт ашиглахыг хориглосон билээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг