Өнөөдөр Монголын бизнесийн салбарт олон жилийн арвин туршлагатай, амжилттай яваа бизнесмэн Б.Одсүрэнгийн “Өгсөх зам” номын бизнесийн холбогдолтой асуултуудад хариулсан хэсгүүдээс хүргэж байна. Та бүхэнд хэрэг болно гэж найдаж байна.

-Удирдагч хүн байхын хамгийн сайхан бас хамгийн хэцүү зүйл юу вэ?

-Автомашинаар зүйрлэвэл, машины жолоо барьж байгаа хүн явж байгаа урдах замаа харж, хурдаа тааруулж, аваар осолгүй жолоо барихтай адил удирдагч хүн байгууллагын орлого, зарлага, хүний нөөц, маркетинг, борлуулалт гээд параметруудыг зохистой харьцаанд барьж явах ёстой болдог. Энэ нь нэг үгээр хэлбэл хариуцлага, ур чадварын асуудал юм даа. Удирдагч хүний давуу тал бол өөрөө шийдвэр гаргадагт байгаа юм. Мэдээж хариуцлагатай зөв шийдвэр гаргахгүй бол дампуурна шүү дээ. Хэцүү нь гэвэл хүн үргэлж алддагт байгаа юм даа. Хүн олон алдаж байж сургамж, мэдлэг олж авдаг.

Бизнес бага, гарааны байх тусам алдаанаас айх хэрэггүй, харин томоор туршлага суух тусам алдаагүй ажиллаж сурдаг. Алдахгүй ажилладаг болохын тулд цаг хугацаа хэрэгтэй болдог.

Солонгосчууд “Амжилттай бизнес эрхлэхийн төлөө 20 жилийг зарцуулахад бэлэн байх ёстойг” ойлгодог. Харин монгол хүнд өнөөдөр эхлээд маргааш баян болно гэсэн сэтгэхүй бий. Энэ бол буруу ойлголт. Аливаа амжилт 10–20 жилээр хэмжигддэг. Тэгэхээр удирдагч хүн тэр хэцүүг туулах тэвчээр хэрэгтэй болдог.

-Удирдах албан тушаал хашсанаас хойш таны гаргаж байсан хамгийн мартагдашгүй алдаа юу вэ?

-Мартагдашгүй алдаа олон бий. Хүн ер нь насан туршдаа алддаг байх даа. Алдаа, алдах гэхээр унаж хагараад эргэж сэргэхгүй гэж ойлгогдоод байх шиг. Тиймээс “Алдаа” гэдэг үгийг “Ухаарал” гээд солиод ойлгочихвол зөв болно байх. Ухаарах тусам шийдэл шийдвэрүүд мэргэн болж амжилтанд нөлөөлнө биз дээ. 

-Баг болж ажиллах хүнийг сонгохдоо анхаардаг 3 чухал зүйл юу вэ?

-Яг үнэндээ гурваас ч их байгаа. Онцолж хэлбэл энэ гурван чанарыг их анхаардаг. Хамгийн чухал нь тууштай зан чанар юм. Тууштай хүн их хол замыг туулж чаддаг, санасандаа хүрдэг. Үүний тод жишээ бол Хятадууд. Юмыг жижиг гэхгүйгээр маш тууштайгаар хийдэг. Тухайн үедээ юм хийхгүй мэт харагдавч, эргээд харахад ихийг амжуулчихсан байх жишээтэй. Харин эсрэгээрээ юм юм руу үсчсэн хүмүүс ерөөсөө урагшилдаггүй. Нэг дороо эргээд л байдаг.

Хоёрдугаарт, дайчин шаргуу чанар чухал. Ийм зан чанартай хүн ажлын замыг товчилж хурдан туулдаг, ард нь гарч чаддаг.

Гуравдугаарт, үнэнч шударга байх ёстой. Аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр ханддаг байх хэрэгтэй л дээ.

Та өөрийнхөө ямар зарчмуудыг ажилтнууддаа харуулж, ойлгуулахыг хүсдэг вэ?

Ямар ч хүн юуны төлөө ажиллаж байгаагаа арван хуруу шигээ мэддэг, ойлгодог байх ёстой. Явах зам чиглэл нь тодорхой, амжилтын үр дүн яг юугаар хэмжигдэж байгааг мэддэг байх чухал. Үүнийгээ ойлгохгүй, хоорондоо ойлголцохгүй бол хэцүү. Европын компаниуд нэлээд их цаг хугацааг харилцаандаа зарцуулдаг юм билээ. Өдрийн цагаар хамт кофе уунгаа энгийн яриа өрнүүлж, ойлголтоо нэг болгож байгаа хэлбэр юм. Ажил болгон олон хэмжээстэй байдаг. Тиймээс аль хэмжээсийг нь бид баримтлах ёстой вэ, сая бид ийм зүйл хийсэн юм чинь цаашид үүнийг хийвэл ямар вэ гээд олон талаас нь ярьж байгаад чиг шугамаа гаргана. Ингэхийн тулд хоорондоо их ярилцах хэрэгтэй. Гэтэл монголчууд хоорондоо маш бага ярьдаг, дотогшоо хүмүүс. Мэдээж хоорондоо ярилцах гэдгийг хий дэмий юм ярьж, чалчих, цаг нөхцөөх гэдгээр ойлгож болохгүй л дээ.

-Таны бодлоор удирдагч хүний хийх ёстой, анхаарах ёстой хамгийн чухал гурван ажил үүрэг юу вэ?

-Удирдагч хүн бүх талын чадварыг эзэмшсэн байх ёстой. Гэхдээ хамгийн чухал гурван зүйлийг заавал тодорхойлох хэрэгтэй бол нэгдүгээрт, зорилгоо зөв тодорхойлж, юу хийж ямар дүнд хүрэхээ зөв нарийвчилж гаргах нь чухал. Хоёрдугаарт, ажлын баг хамт олноо зөв бүрдүүлэх. Гуравдугаарт, санхүүгийн удирдлага хамгаас чухал зүйл гэж боддог.

Бизнес эрхлэгчдийн 95 хувь нь эхний 5 жилдээ дампуурдаг. Дараагийн 5 жилд дахиад 95 хувь нь хаалгаа барьдаг гэсэн статистик тоо байдаг. Иймээс 10 жилийн дотор өөрсдийн үнэ цэнийг хадгалж, зах зээл дээр тэсч үлддэг компани маш ховор. Харин та эрхэлж байгаа бизнесээ хэр удаан хугацаанд тэсч үлдэх талаар бодож үзсэн үү?

Эсвэл сая саяар тоологдох хөрөнгө мөнгөө, үнэлж болох цаг хугацаагаа алдсаныхаа дараа үүнийг ойлгох ёстой юу? Гэвч бусадтай заавал зөвлөхгүйгээр, алдаа гаргахгүйгээр, цаг хугацаагаа үрэхгүйгээр бизнесийн хамгийн оновчтой, эрсдэл багатай ирээдүйгээ олоод харчих боломж бий. 


Х.Золжаргал