ПЁНЬЯН. /TASS/. Бодлогоо өөрчлөх хүртэл БНАСАУ АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэж тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилжээ.

Мэдэгдэлд дурдсанаар, БНАСАУ-ын талаар баримталж буй “дайсагнасан бодлогоосоо эргэлт буцалтгүй татгалзаж, бодит алхам” хийх хүртэл Пёньян АНУ-тай хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна.

БНАСАУ-ын ГХЯ мөн Стокгольмд болсон уулзалтын үеэр АНУ-ын төлөөлөгчдийн гаргасан хандлагыг шүүмжилжээ. “АНУ энэ хэлэлцээнд бэлдэхийн тулд юу ч хийгээгүй бөгөөд зөвхөн дотоод улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд Америк-Умард Солонгосын зөвлөлдөөнийг ашиглаж, улс төрийн ашиг сонирхлоо л дагасан” гэж БНАСАУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан талууд ойрын үед дахин уулзах боломжтой гэж ярих нь үндэслэлгүй гэж Пёньян үзэж байгаа аж.

АНУ, БНАСАУ-ын хоёр талын урьдчилсан уулзалт 10 дугаар сарын 4-нд Стокгольмд болсон юм. Хоёр орны төлөөлөгчид 10 дугаар сарын 5-нд ажлын түвшний хэлэлцээ хийсэн боловч тэр өдрөө зогссон билээ. БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Ким Мён Гилийн мэдэгдсэнээр, “АНУ-ын төлөөлөгчид хэлэлцээний ширээны ард "гар хоосон" ирсэнд Пёньян сэтгэл дундуур байна"  гэж Шведийн “Dagens Nyheter” сонинд мэдээлжээ.

Харин АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус хэдэн цаг үргэлжилсэн хэлэлцээг ажил хэрэгч болсон гэж мэдэгдсэн юм. Тэрбээр мөн БНАСАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр хоёр долоо хоногийн дараа Стокгольмд дахин ирэх Шведийн урилгыг АНУ-ын төлөөлөгчид хүлээн авсныг онцлон дурдсан байна. Гэхдээ тэрбээр энэхүү урилгад Умард Солонгосын төлөөлөгчид ямар хариу өгснийг дурдаагүй байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг