“Дахин төлөвлөлт, иргэний оролцоо” төслийн тэргүүн  Б.Нямжавтай ярилцлаа

-Та  дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн эрхийг хамгаалахаар тууштай ажилласан. Иргэдийн тэмцэл ямар үр дүнд хүрэв?

-Улаанбаатар  хотод 2013 оноос хойш гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа эрчимтэй эхэлсэнээс хойш иргэдийн газар өмчлөл, эрхээ эдлэх, газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах эрхүүд байнга зөрчигдсөөр ирсэн. Шалтгаан нь юу байна гэхээр хэд хэдэн хуулийн алдаатай заалтууд, төрийн алдаатай бодлогоос шалтгаалсан асуудлууд байна гэж бид үзэж байгаа. Анх 2013 оноос  “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл” гээд Баянзүрх дүүрэгт энэ үйл ажиллагааг эхлээд, төрийн бодлого алдаатай байна гэж шүүмжилж, иргэд өөрсдөө газраараа эвлэлдэн нэгдээд, хөрөнгө босгох юм байна. Учир нь газар бол иргэдийн хөрөнгө юм. Газрын тухай хуульд заасны дагуу хөрөнгөө захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрхийг нь нээж өгөөч. Иргэний оролцоонд тулгуурласан хот төлөвлөлтийг хийгээчээ гэдэг асуудлыг тавиад, өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй.

Хууль эрх зүйн ардаа дандаа хаалттай заалтуудыг хийж  өгсөөр байна.

Энэ бүхэн ямар шалтгаантай юм бол гээд судлаад үзэхээр дэлхийн хэмжээнд гурван төрлийн үйл ажиллагаа байна л даа. Нэг нь төр иргэн хоёр хамтарсан хэвшил буюу бодлогын хэрэгжилт. Нөгөө нь компани төр хоёр хамтарсан хэвшил, эсвэл төрийн шууд зохион байгуулалттай хэвшил гэсэн гурван хэлбэрээр дэлхийн түүхэнд хот суурин газрыг дахин хөгжүүлдэг юм байна. 

Хамгийн сүүлийн хамгийн шилдэг нь иргэний оролцоотой буюу иргэнд түшиглэсэн, төр, иргэний түншлэл хамгийн зөв гэж үздэг.  Гэвч өнөөдөр Монголд хэрэгжиж байгаа хууль тогтоомжууддандаа бизнест тулгуурласан, компани төрийн түншлэлд тулгуурлаж  байгаа учраасиргэдийн эрх илүү их зөрчигдөж байгаа. Монгол Улс НҮБ-ын гишүүн улс орон. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг соёрхон баталсан улсын хувьд зайлшгүй хүний эрхийг үйл ажиллагаандаа хангах учиртай. Энэ хангах үйл ажиллагааныхаа хүрээнд Хот суурин газрыг дахин хөгжүүлэхдээ илүү иргэний оролцоонд тулгуурлаж, иргэний түншлэлийг хэрэгжүүлэх нь зөв. Улаанбаатар хотын хэмжээнд одоо Нийслэлийн орон сууцны корпорациас гаргаж байгаа мэдээллийг харвал 54 айлын асуудлыг шийдчихвэл асуудлыг бүгдийг шийдэж байгаа мэтээр мэдээлсэн. 

Гэвч бодит амьдрал дээр өнөөг хүртэл бидэнд ирсэн мэдээгээр 260-270 орчим өрх айл долоон жил орон гэргүй явсан хэвээр байна. 

Хамгийн наад захын жишээ Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Сансар хотхоны 85 өрх төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг авч байгаа ч өөрийн гэсэн орон гэргүй байна. 

Иргэд мэдээлэл багатайгаасаа болоод, шууд орон сууцанд орчих юм шиг сэтгээд байдаг.  Нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдахдаа одоогийн байршлаа солиход танд ямар эрсдэл учрахыг тооцоолдоггүйгээс хохирч байна.

Дахин төлөвлөлтөд орж байгаа компаниуд хэт нэг талыг барьж,ашиг хөөсөн, иргэнд ашиггүй гэрээнүүдийг тогтмол хийдэг. 

Хоёр хоногийн өмнө над дээр нэг иргэн ирлээ. Тэр иргэн барилгын компанитай хийсэн гэрээгээ бариад ирсэн. Тэр гэрээгээр бол тухайн иргэнд байр олдохооргүй юм билээ. Төр хянах үүргээ гүйцэтгэхгүй байна. 

Дахин төлөвлөлтөд шалгарсан, барилга барих гэж байгаа тендерт шалгарсан компаниуд өнөөдрийн байдлаар Засгийн газар, Барилга хот байгуулалтын сайдын баталсан гурван талт гэрээний үлгэрчилсэн загварыг барихгүй байна. Хоёр талт гэрээ хийгээд, компанид шууд гэрчилгээгээ хураалгана гэх мэт заалтуудтай. Гэтэл Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулинд аймаг нийслэл, сум дүүргийн Засаг дарга үл хөдлөх хөрөнгийн гэрээг хадгалж, гурван  талт гэрээгээр баталгаажуулна гэж заасан байдаг. 

Хууль хэрэгжихгүй байна, маш алдаатай заалтуудтай байна.

-Хууль хэрэгжүүлээгүй, төр хяналтын үүргээ биелүүлээгүй, алдаатай бодлого явуулсанаас болоод иргэд хохирсон тохиолдолд төрөөс хохирлоо нэхэмжлэх боломжтой биш үү?

-Уг нь гарцууд байна л даа. Төрийн албан ёсны статистик харвал өмчлөлтэй эзний л мэдээлэл явдаг. 260-270 гэдэг  бас л гэрээ хийсэн өмчийн эзэн иргэдээ л тоолсон хэрэг. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд НОСК-иас гаргасан мэдээллээр хотын төв хэсгийг хамарч байгаа гэр хороололд гэхэд нэг айлын хашаанд дунджаар 4,5 өрх байна гэж тоолсон байдаг.  Яг нүүлгэн шилжүүлэлт хийхээрээ үлдсэн 3,5 айл нь хаашаа явах нь өөрсдийнх нь мэдэх хэрэг гээд орхичихдог.   Газрын эзэн, өмчийн эзэнтэй орон сууцаар газрыг солих юм уу орон сууцыг орон сууцаар солих гэх мэт гэрээ хийгдээд, тэр нь албан ёсны статистик бүртгэлд орж байгаа юм. Олон улсын стандартаараа ямар байх ёстой гэхээр төр нүүлгэн шилжүүлэлт хийхдээ нэг ч иргэнээ ядууралд өртүүлэхгүйгээр, нэг ч иргэнээ эдийн засгийн хохирол амсуулахгүйгээр, дахин төлөвлөлтөд хамрагдахаас өмнөх амьдрах орчныг нь дордуулахгүйгээр  шийдсэн хойноо хотын дахин төлөвлөлт, нүүлгэн шилжүүлэлт хийх учиртай. Ингэж байж хөгжлийн төлөөх бодлогын хэрэгжилт болдог.  Аль хэдийнэ газраасаа  нүүсэн, хаа сайгүй  нүүдэллэн амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх боломж алга. 

Иргэний бүртгэл дээр тооцоо судалгаа байхгүй байна. Ямар ч байсан гэрээтэй мөртлөө өмчөө хураалгачихаад байгаа, орон гэргүй болсон иргэдийн асуудлыг  шийдэх хоёр үндсэн гарц байгаа юм болов уу. 

Нэг нь төрийг бүх боломжит байдлаар шүүхдэх, Захиргааны хэргийн шүүх юм уу эсвэл Иргэний хэргийн шүүхэд хандах арга зам бий.

Төрийн гаргасан шийдвэртэй холбоотой бол Захиргааны хэргийн шүүхэд хандана. 

Төр гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бодит эдийн засгийн хохирол учирсан тохиолдолд Иргэний шүүхээр явна. Ингэж шүүх дээр яваа тохиолдлууд байна. Энэ маш удаан явцтай. Долоон жилийн турш орон гэргүй яваа иргэн шүүхдэхэд дахиад магадгүй гурван жил зарцуулна. Иргэд маш их айдастай байна. 

Одоо би төртэй шүүхдэлцвэл юу ч үгүй болчих юм биш үү. Түүний оронд дарга нарын үүдэнд сахиад сууж байвал дээргүй юу гэдэг.  Ийм байдлаар эсэргүүцэл үзүүлэх, жагсаал цуглаан хийх, шүүхдэх ажил удаашралтай яваа. 

Стратегийн өмгөөлөл маягаар бид хоёр тохиолдол дээр ажиллаж байна. Нэг нь 85 айлын кейс. Нөгөө нь гэрээ ч үгүй эд хөрөнгө ч үгүй байшинг нь нураагаад хаячихсан кейс бий. Дээд шүүх дээр гэхэд хамгийн цаад талын хугацаа зургаан сарын дотор шийдвэр гардаг. Шүүхдээд явж байгаа хүний маань шүүх хурал болохгүй бараг арваннэгэн сар болж байна. Дээд шүүхийн шийдвэр одоо болтол гарахгүй байна гэдэг цаанаа ямар нэг ашиг сонирхлын зөрчил байгаа гэж үзэхэд хүргэж байна.

Бидний гол зорилго Дээд шүүхийн шийдвэр хэд дахин  гаргуулж чадвал   олон улсын шүүхэд Засгийн газрыг өгөх юм. Нэгэнт бид бүх явах ёстой газраар бүгдээр нь явсан. Бүх шатыг туулсан учраас одоо бидний ганц шүүхдэх газар олон улсын шүүх байна. 

-Олон удаа хэлэлцүүлэг өрнөж, төрийн албан тушаалтануудад тайлбарлаж яриад байсан. Иргэдийн санаа бодлыг уг нь сонсч байгаа юм.  Иргэнийхээ талд шийдвэр гаргаж чадаж байна уу?

-Хариу  арга хэмжээ авч байгаа нь маш цөөн. 2020 онд ерөөсөө ямар ч шийдвэр гарсангүй. 2018 онд ямар ч шийдвэр гарсангүй. Яагаад гэвэл орон нутгийн сонгууль болно. Нийслэлийн Засаг дарга солигдоно. Бүтцүүд нь хэд дахин өөрчлөгдөөд, хот суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбоотой гарсан маргаан шийдвэрүүдийг алийг нь ч шийдвэрлэсэнгүй.  Шинэ томилогдсон хүмүүсийн ойлголт хандлагыг өөрчлөнө гэдэг бараг хоёр жилийн ажил болдог.  Уг нь иргэдийн асуудлыг шийдэх амархан. Өмнөх хохирсон иргэдийн асуудлыг төр нэгэнт гурван талт гэрээнд гарын үсэг зураад, бид гуравдагч этгээдээс иргэнийхээ эрхийг хамгаалахаар гурван талт гэрээнд оролцогч болж, гарын үсэг зурж байгаа юм гээд баталгаажуулсан тохиолдолд гэрээнийхээ үүргийг л гүйцэтгэх ёстой.

Иргэн хохирсон бол ТОСК, НОСК-ийн мэдэлд байгаа орон сууцнуудыг хохирлыг нь барагдуулж өгөх хэрэгтэй. Засгийн газрын түвшинд энэ асуудлыг ярих ёстой. 

Төр хууль гаргаад татварын нэг удаагийн өршөөл үзүүлдэг шиг тийм аргуудаар хохирсон иргэдийн асуудлыг шийдэх боломж байгаа ч  улс төрийн хүсэл эрмэлзэл алга. Бид бололцоотой бүх газарт өргөдөл өгсөн. Манай эвсэлд нэгдээгүй маш олон хүмүүс бас бий. Үүнээс хамгийн их хохирч үлдсэн нь эмзэг бүлгийн хүмүүс.

50 айлын дунд судалгаа хийж үзэхэд орон гэргүй болсон  өсвөр насны охид, хөвгүүдэд амиа хорлох сэдэл төрж байсан гэсэн хувь өндөр байдаг. Дээр нь сургууль завсардалт их, гэмт хэрэгт холбогдох тохиолдол олон. Яагаад гэхээр энд тэндгүй нүүсээр харъяа сургуульдаа хамрагдаж чадахгүй байна. 

Шалтгаан нь 2018 онд түр суурьших бүртгэлийг огт хийхээ больсон. Энд тэнд айлын хашаа, түрээсийн байраар явахаар түр сурьших бүртгэл хийгдэхгүй, холоос хуучин сурч байсан сургууль руугаа явж байна. Гэр бүлүүд эдийн засгийн хувьд хохирч байна.

Олон дахин нүүснээс болоод ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, ажлын байраа орхих асуудлууд бий. 

Гэхдээ бас сайн жишээ ч бий. АХБ-ны санхүүжилттэй хэрэгжиж байгаа Сэлбэ, Баянхошуу дэд төв дээр иргэд эвлэлдэн нэгдэж, дуу хоолойгоо хүргэж, АХБ-ны хамгааллын бодлого, амьжиргаа дэмжих бодлогыг хэрэгжүүлдэг болгосон. Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа айл өрхүүдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг болсон. Хашаанд нь цуг амьдарч байсан айлуудад ч нүүлгэн шилжүүлэх зардал, газар өмчлөлийн асуудлыг нь давхар шийдэж өгсөн. Иргэд нэгдээд Манила яваад энэ асуудлыг АХБ-ны төв оффист хүрч очиж хэлээгүй бол хохирсон иргэдийн тоо нэмэгдэх байсан болов уу. Одоо бол АХБ-ны дэд бүтцийн төслүүдэд  энэ бодлого хэрэгждэг болсон. 

Бидний чин хүсэл бусад дахин төлөвлөлтийн талбаруудад төр хамгааллын бодлого хэрэгжүүлдэг, амьжиргаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг байгаасай.