БНСУ-д эмэгтэйчүүд болон настай хүмүүс спортын төрлөөр идэвхтэй хичээллэдэг болсон тухай тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас лхагва гарагт мэдээлэв.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас 10-аас дээш настай 9000 хүний дунд санал асуулга явуулсан байна. Санал асуулгад оролцогчдын 62.2 хувь нь долоо хоногт нэг болон түүнээс дээш удаа 30-аас дээш минутын хугацаанд ямар нэг спортын төрлөөр хичээллэдэг гэж хариулсан нь өмнөх оныхтой харьцуулахад 3 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд болон настай хүмүүсийн хувьд спортын төрлөөр идэвхтэй хичээллэх болсон нь илт ажиглагдсан байна.

Спортын төрлөөр хичээллэдэг эмэгтэйчүүдийн хувь өсөж, 62.8 хүрсэн байхад эрэгтэйчүүдийн 61.6 хувь спортоор хичээллэдэг гэсэн дүн гарчээ. Ингэснээр спортын оролцоогоороо эмэгтэйчүүд анх удаа эрчүүдийг ардаа орхисон тохиолдол болжээ.

Насны ангиллаар авч үзвэл, 40-өөд болон 70-аад насныхан спортоор хичээллэх нь ихээхэн нэмэгджээ. Харин өсвөр насны хүүхдүүдийн хувьд энэхүү үзүүлэлт буурсан дүн ажиглагдсан байна.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Yonhap/