Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Авто тээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран нар өчигдөр салбарын өнөөгийн байдал, анхаарал татсан зарим асуудлаа мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


Авто тээврийн орлого 1.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 14 хувиар өсчээ

Олон улсын болон бүс нутгийн тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээнд холбогдсон үндэсний тээвэр, логистикийн сүлжээ бий болгох хэрэгцээ, шаардлага буйг салбарын удирдлагууд онцлов. Ингэхийн тулд өсөн нэмэгдэж буй ачаа тээврийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зам, тээврийн сүлжээг бий болгох, транзит тээврийг хөгжүүлэх замаар тээврийн салбарыг эдийн засагжуулах, худалдаа тээврийг хөнгөвчлөх, нэгдсэн тээврийн тогтолуоог бүрдүүлэх шаардлагатайг салбарын удирдлагууд онцлов. Энэ жилийн хувьд авто тээврийн орлого 1.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 14 хувиар өсчээ.


Гадны улсуудтай хэлэлцээр байгуулснаар төр, хувийн хэвшилд боломж олгож байна


Монгол Улс 2017 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 10 тэрбум ам.долларт хүрсэн. Тэгвэл манай улс 20 гаруй сая тонн газрын тос, 170 тэрбум тонн нүүрс, 788 тэрбум занарын таамагт нөөцтэй. Тэгвэл уул уурхайн орд газруудыг түшиглэсэн тээвэр логистикийг төмөр зам, авто тээврийг хослуулах замаар хөгжүүлэх шаардлага буйг салбарын сайд онцлов.

 

Европын таван улсад авто тээвэр хийх боломжтой боллоо


Манай улс Герман, Польш, Словак, Чех, Унгар зэрэг европын орнуудад авто тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцон, тээвэрлэлт хийх боломж бүрдлээ. Монгол тээврийн хэрэгслийн гэрчилгээ зөвхөн Монгол хэл дээр бичигддэгээс үүдэн гадаад зорчиход хүндрэл гардаг байсан ч өнгөрсөн жилээс Англи, Монгол хоёр хэл дээр гардаг болсон. Улсын дугаар хувьд мөн кирилл үсгийг латинаар уншигдах боломжтой болсон аж. Монгол Улс 1997 онд Венийн Конвенцид нэгдсэн учир жолооны үнэмлэхний тал дээр асуудал үүсэхгүй, монгол жолооч бүр өөрийн жолооны үнэмлэхийг гадны улсад ашиглах боломжтой.
 

БНСУ-ын чиглэлд нислэг үйлдэх тээвэрлэгч нэмэгдэхэд тийзийн үнэ 20-40 хувиар буурна


Сөүл-Улаанбаатрын чиглэлд долоо хоногт зургаагаас илүү нислэг үйлдэх саналыг Солонгосын талд тавьдаг ч, тэдний хуулиар илүү нислэг үйлдэх боломжгүй. Хэрэв илүү нислэг үйлдэх бол зах зээлээ хуваах журмаар хоёр дахь тээвэрлэгчийг оруулах ёстой. Солонгосын онгоц манай онгоцноос 50 суудлаар том учир нислэг бүрт 50 суудлаар ашигтай ажиллаж байна. Тиймээс Солонгосын онгоц нэг удаа 500 зорчигч тээвэрлэдэг бол манай жижиг онгоцыг 500 зорчигч тэвээрлэтэл хүлээж байж дараагийн тээвэрлэлтийг хийх зэрэг тохиролцоог Солонгостой хийх Агаарын тээврийн хэлэлцээрээр хийнэ. Хоёр дахь тээвэрлэгчийг Солонгосын тал сонгон шалгаруулна. Тээвэрлэгчийн тоо нэмэгдэхэд тийзийн үнэ 20-40 хувиар буурах боломжтой аж.
Хэрэв орон нутгийн агаарын тээвэр алдагдалтай ажиллаж байвал төрөөс 20 хувийн хөнгөлөлт үзүүлж, бизнес эрхлэх боломж олгодог. Энэ жилийн хувьд иргэний нисэхийн навигацийн орлогоос 3 тэрбум төгрөгийг компаниудад хуваарилжээ.  
 

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр зарим замыг шинэчилнэ


Азийн хөгжлийн банкнаас авах 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар-Сэлэнгэ, Арвайхээр, Налайхын чиглэлийн замын суурийг хүчитгэн шинэчлэхээр төлөвлөж байгаа аж. Уг зээлийн гэрээг УИХ-аар соёрхон баталсан байна. Энэ намар гүйцэтгэгч болон хяналтын байгууллагыг сонгон шалгаруулах бөгөөд ирэх хавраас засварын ажлыг эхлүүлэх аж. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг