Улсын онцгой комиссоос өнөөдөр гаргасан шийдвэрийн талаар тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Тэрээр "Шинэ коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлж, гуравдугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд БНХАУ руу нүүрс тээвэрлэхийг зогсоосон. Засгийн газар, Байнгын хороо, Улсын онцгой комисс уг асуудлыг хэлэлцээд гуравдугаар сарын 02-ноос нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг сэргээн, хэвийн явуулах бэлтгэлийг хангаж ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгож байна. 

Мөн Монгол Улс, БНХАУ-ын хилийн автозамын боомтуудаар нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтад оруулж гүйцэтгэх, улс хоорондын ачаа тээврийн галт тэрэг, автомашин болон төмөр замын ажилтан, зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, жолооч нарын эрүүл мэнд, ариутгал, халдваргүйтгэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед тусгаарлах байры бэлтгэж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хоол хүнс, ариутгалын бодис, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулахыг холбогдох албанынханд үүрэг болголоо. 

Хамгийн гол нь хилээс цаашаа БНХАУ-ын нутагт үйлчилгээ байхгүй гэдгийг манай жолооч, аймгийн дарга нар хэлсэн. Гуравдугаар сарын 02-ноос тэнд төрийн үйлчилгээ, хоолны газар хэвийн ажиллана" хэмээв.