ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Тэрээр өчигдөр Бээжин хотод хүрэлцэн ирсэн бөгөөд хоёр өдөр үргэлжлэх  ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцох юм.
Хоёр орны төрийн тэргүүн уулзалт хийж Солонгосын хойгийн болон Ираны цөмийн асуудлаар санал солилцсон. Гэвч Хятадын төрийн мэдлийн мэдээллийн агентлагуудын мэдээнд тэдний зүгээс АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг хэрхэн харж байгаа талаарх мэдээлэл гарсангүй.
“ОХУ, БНХАУ-ын  зүгээс Д.Трамп-Ким-ийн уулзалтыг эсэргүүцэхгүй байгаа ч БНАСАУ-ыг АНУ-тай хэт ойр харилцаатай байлгах, АНУ-ыг Солонгосын хойгийн асуудал дахь “гол тоглогч” байлгахыг хүсэхгүй байна” хэмээн ажиглагчид үзэж байна.
Уулзалтын үеэр Ши Жиньпин “БНХАУ, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой бэхжсэн. Олон улсын харилцаанд нөхцөл байдлын ямар нэгэн өөрчлөлт гарахаас үл хамааран Хятад, Орос улс харилцан бие биенийхээ язгуур эрх ашгийг хамгаалж, шинэ цагийн олон улсын харилцааны хэв маягийг бүтээж, хүн төрөлхтөний интеграцчилалд хувь нэмрээ оруулна” гэв.
В.Путины зүгээс “БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх нь ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Орос, Хятад улс харилцан бие биенийхээ язгуур эрх ашиг, анхаарал хандуулж буй асуудлуудыг хамгаалж, хоёр орны харилцаа түүхэндээ хамгийн дээд түвшинд ирээд байна. Хоёр орны харилцаа дэлхий нийтэд өнөө цагийн хоёр улсын харилцааны жишиг болж байна” хэмээв.
Өчигдөр Ардын Их хурлын ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд “Найрамдал одон” гардуулав. Энэхүү одон нь Хятад улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, гадаад харилцааны салбарт болон дэлхийн энх тайвныг тогтоох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд хүнд олгодог болох аж. Учир нь В.Путин тус шагналыг  хүртсэн анхны хүн болов.
Шагнал гардуулах үеэр Си Жиньпин хэлэхдээ “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин бол миний хамгийн дотны найз. Аугаа Хятад, Орос улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргалыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Хоёр орны ард түмний найрамдалт харилцаа өнө мөнхөд орших болтугай” хэмээв.
Өнгөрсөн оны 7 дугаар сард В.Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ОХУ-ын төрийн дээд шагнал “Гэгээн Андрейн одон”-г гардуулж байсан билээ.
АНУ зэрэг барууны орнуудаас ирж буй хориг, дарамт шахалтууд Орос, Хятадын аль алинд нь бий. АНУ тэргүүтэй барууны улсууд ОХУ-д хориг тавьж, хавчих бодлого явуулж байгаа. Хятад улсын хувьд АНУ-тай худалдаа, өмнөд Хятадын тэнгис, Тайванийн гэх мэт олон зөрчилтэй асуудлууд байсаар байна. Үүнээс манай хоёр хөрш  хоорондын харилцаагаа өндөр түвшинд хүргэх шалтгаан хангалттай харагдаж байна.