НЬЮ-ЙОРК. /TASS/. БНХАУ-ын Ардын банк /Төв банк/ криптовалютын өөрийн гэсэн хувилбарыг тун удахгүй гаргах гэж байгаа тухай бизнесийн мэдээллийн “Bloomberg” агентлаг тус банкны төлбөр тооцооны хэлтсийн орлогч дарга нарын нэгийнх нь мэдээллээс иш татан уламжлав.

“Bloomberg”-ийн эх сурвалж Хятадын зүүн нутгийн Жянсү мужийн Ичунь хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон санхүүгийн салбарынхны чуулганд оролцсон байна. Эх сурвалжийн хэлснээр, Ардын банк уг асуудлаар өнгөрсөн оноос хойш эрчимтэй ажилласан бөгөөд өөрийн гэсэн криптовалютыг “гаргахад тун ойртжээ”.

"Initial Coin Offering" /ICO/ буюу шинэ криптовалют болон токен гаргах, хөрөнгө оруулагчдад худалдах замаар хөрөнгө оруулалт татах ажиллагааг, мөн биткоин болон бусад криптовалюттай холбоотой худалдааны ажиллагаа явуулахыг Хятадын Ардын банк 2017 оны есдүгээр сард хоригложээ. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор тус улсад криптовалютын 88 бирж хаагдаж, 85 ICO ажиллагаа зогссон байна.

2017 оны сүүлчээс хойш Хятад улс криптовалютын гол зах зээлүүдийн нэгд тооцогдож байв. Хятадын болон гадаадын хэд хэдэн хэвлэлд мэдээлснээр, 2017 оны сүүлчээс хойш криптовалют олборлох хүчин чадлын 80 орчим хувь нь Хятадад байрлаж байжээ. Тус улсын нутаг дэвсгэр дэх тооцоолох төвүүд нь Юньнань, Сычуань, Шинжаан Уйгарын өөртөө засах муж зэрэг цахилгааны төлбөр багатай алслагдсан мужуудад байрладаг байсан аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг