ТОКИО. /Kyodo/. БНАСАУ-ын эсрэг дангаар авсан хориг арга хэмжээнийхээ хугацааг Японы Засгийн газар хоёр жилээр сунгажээ.


Умард Солонгосын тусгай албаныханд хулгайлагдсан япон иргэдтэй холбоотой асуудалд ахиц дэвшил гарахгүй байгаатай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн янз бүрийн тусгалтай баллистик пуужингуудыг устгах, цөмийн зэвсгээсээ ангижрах алхмыг БНАСАУ ойрын үед хийхгүй гэж Японы эрх баригчид үзэж байгаа аж.  


2006 онд Пёньян цөмийн туршилт хийсний дараа Японы эрх баригчид БНАСАУ-ын эсрэг дангаар хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээнд импорт, экспортын бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоосноос гадна, Умард Солонгосын хөлөг онгоцуудыг Японы боомтуудад орохыг хоригложээ. Хугацаа нь дөрөвдүгээр сарын 13-нд дуусаж буй хоригийг өмнө нь хэд хэдэн удаа сунгасан байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг