СӨҮЛ. /Yonhap/. Пүрэв гарагт БНАСАУ-ын зүүн эргийн Вонсан тосгоны ойролцоогоос Өмнөд тэнгис рүү үл мэдэгдэх хоёр сум харвасан гэж БНСУ-ын Нэгдсэн штабаас мэдээлжээ.

БНАСАУ, АНУ-ын удирдагчид өнгөрсөн сард хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгонд уулзаж, цөмийн хэлэлцээг ойрын хугацаанд үргэлжлүүлэхээр тохиролцсон хэдий ч хоёр талын ажлын түвшний хэлэлцээ хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа үед дээрх явдал болжээ. 

Нэгдсэн штабын мэдээлснээр, БНАСАУ орон нутгийн цагаар өнөө өглөөний 5:34, 5:57-д тус тус үл мэдэгдэх сумыг Вонсан тосгоноос Өмнөд тэнгис рүү харвасан бөгөөд сумнууд 430 орчим километр зайд нисжээ. Манай цэргийн хүчин нөхцөл байдлыг сайтар хянаж, бэлэн байдалд байна гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 

Сумын ниссэн зайнаас үзэхэд Пёньян өнгөрсөн тавдугаар сарынхтай нэгэн адил Оросын “Iskander” баллистик пуужингийн өөрийн хувилбарыг туршин харвасан байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хэдийгээр Сөүл болон Вашингтоны засаг захиргаа пуужингуудын төрлийг албан ёсоор мэдээлээгүй байгаа боловч өнгөрсөн тавдугаар сард туршсантай ижил зэвсэг байсан хэмээн үзэж байгаагаа БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Жон Кён Ду илэрхийлсэн хэдий ч өөр талууд мөн ажиглагджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг