ХОНКОНГ. /CNN/. БНАСАУ-ын агаарын тээврийн “Air Koryo” компани ирэх сараас эхлэн БНХАУ-ын Макао руу шууд нислэг үйлдэхээр болсон гэж Макаогийн Иргэний нисэхийн удирдах газраас мэдээлжээ.

Ингэснээр, “Air Koryo” компанийн олон улсын дөрөв дэх чиглэл Макао болох аж. Тус компани одоогоор Хятадын Бээжин, Шэньян болон Оросын Владивосток хот руу шууд нислэг үйлддэг байна. Эдгээр хотыг Макаотой харьцуулахад БНАСАУ-тай харьцангуй ойр оршдог байна. 

Air Koryo” ирэх наймдугаар сарын 2-ноос эхлэн Макао руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх бөгөөд уг нислэгүүдэд ямар нисэх онгоц ашиглах талаар Макаогийн эрх баригчид мэдээлээгүй байна. Koryo Tours” аяллын компанийн мэргэжилтний мэдээлснээр, БНАСАУ Хятад руу үйлддэг нислэгүүддээ таван өөр нисэх онгоц ашигладаг аж. 

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг Азийн хот болсон Макао нь казинонуудыг хуулийн дагуу зөвшөөрдөг Хятад дахь цорын ганц газар юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг