Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг огцруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Наранхүү "Өмнөх 4 жилд ч, сүүлийн 2 жилд ч тойрч зодолдог газар нь Засгийн газар гэдэг нэг газар байсан бол одоо бидний зодоон 2 дахин нэмэгддэг болох зам руу явж байна. 

УИХ-ын даргын суудал дээр нэг нэгнийгээ огцруулж, алалцвал нөгөө Засгийн газар дээр алалцдаг алалцаан чинь 2 дахин нэмэгдэнэ шүү. Ингээд бидний энэ 4 жилд хийх ёстой утаа, үнэ тогтворжуулах, долларын ханш зэрэг олон зүйлийг ярихгүй мөртлөө нэг хүнийг сольчихвол бүх зүйл сайхан болчих юм шиг яриад байх юм.    

Тийм учраас 2 дахин ихсэх энэ зодооноо манай Монголын парламент дийлэхгүй. Нэг зодооноо дийлэхгүй 4 жилийг өнгөрөөдөг парламент зодоон нь 2 дахин ихсэхээр цаашид үүсэх хор хохирол ямар байх вэ гэдгийг бодож үзээрэй. 

Өнөөдөр бидний хийдэг зүйл бол нэг нэгнээ гүтгэн доромжилж, үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлээр дайрч гүтгэдэг байдал. Хүнийг гүтгэх болохоор хууль шүүх хамаагүй болчихдог. Өөрсдийг нь ярихаар шүүхээр тогтоогоогүй бол энэ үйлдэл худлаа хэмээдэг. 

Энэ эрээ цээргүй байдал чинь дараа дараагийн парламент байх уу үгүй юу гэдэг асуудал руу оруулна. Харж байгаагаарай. Үүнийгээ сайн анхаараарай" хэмээн хэллээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм.