Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй. Харин нөхөн сонгууль явуулах тов зарласан, сонгуулийн зардлыг шийдвэрлэсэн тогтоол нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргасан билээ. 

ХҮН-ын дарга Б.Найдлаа уг асуудал дээр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн уг шийдвэр нь иргэний сонгох сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж.

ХҮН-ын дарга Б.Найдлаа: 

Монгол Улсад иргэн хуулийн дагуу сонгох, сонгогдох эрхээ ажиллах дээр төр ажиллахгүй байна. Эрх баригчид өөрсдөө хүсэх л юм бол сонгууль хийхгүй байж болдог гэдгийг энэ удаагийн цэцийн шийдвэр батлан харууллаа. Үндсэн хуулийн цэцийн татгалзсан шалтгаан нь тун өчүүхэн төсвийн асуудал байгаа биз. Энэ чинь УИХ, Засгийн газар нь ажлаа хийж огт чадахгүй байна гэсэн үг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр маш чухал. Гэтэл наад захын хуулийн мэдлэггүй гэдгээ харуулж, иргэдийг төөрөлдүүлж, улс төрийн намуудыг самарлаа. Ингэснээрээ Үндсэн хуулийн цэц улс төрийн тоглоомын байгууллага болсноо дахин нотоллоо. Энэ бол тов тодорхой улс төрийн тоглоом байлаа. 2016 онд гэхэд сонгууль болохоос нэг сарын өмнө Үндсэн хууль зөрчсөн нэрээр сонгуулийн хуулийг өөрчилсөн. Тухайн үед бас Үндсэн хуулийн цэцийг ашигласан. Одоо бас л шалтаг заагаад сонгууль явуулахыг түдгэлзүүлчихлээ. Энэ чинь бид сонгох эрхээ эдэлж чадахгүй байгааг харуулж байгаа явдал мөн биз дээ. Ийм энгийн наад захын ажлаа хийх чадамжгүй, УИХ тарсан дээр. УИХ-ыг тарааж, улс төрийн бүх намыг татан буулгая!