Засгийн газрыг огцруулах асуудлаар Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас байр сууриа илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа "Өнөөдөр Монгол хүн бүр ууртай байна. Бидний итгэж найдаж сонгосон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, сайд нар бүгд Монгол Улсын төлөө ажиллахгүй байна. Эдгээр хүмүүс 60 тэрбум болон ЖДҮ-ийн зээл ярьж хоорондоо тэмцэлдэж буй боловч үнэн хэрэгтээ улс эх орноо, иргэдээ бодож буй нэг ч хүн УИХ-ын гишүүд дотор алга. Тиймээс иргэд ууртай байна.

Өнөөдөр Засгийн газрын гишүүд ЖДҮ-ийн зээл авсан баримт нь тов тодорхой байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн мэдлийн хүмүүст хариуцлага тооцож чадахгүй болбол өөрөө огцрох хэрэгтэй. Ингэж чадахгүй бол юун 60 тэрбумын хэрэгтэй тэмцэх. 

УИХ-д ч ЖДҮ-тэй холбоотой гишүүд нь мөн тодорхой байна. Хуулийн байгууллага үүнийг тодорхой болгоод оруулж ирж байхад өөрсдөө хаацайлж байна. Энэ хэргийг хаацайлж буй УИХ-ын гишүүд, УИХ өөрөө тарах хэрэгтэй. М.Энхболд дарга өөрөө огцорч, УИХ-ын гишүүнээсээ татгалзах шаардлагатай. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө ЖДҮ-тэй холбоотой баримт нь тодорхой байна. Дээрэс нь хүүгийнхээ хар тамхины хэргийг прокурорын байгууллагаас татаж авсан гэж байгаа. Энэ мэт тодорхой гэмт хэрэг, ёс зүйн асуудлууд байсаар байтал яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ. УИХ яагаад Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид хариуцлага тооцдоггүй юм бэ. 

Ерөнхий сайд Засгийн газрын гишүүддээ, УИХ-ын дарга УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй юм бол өөр хэнд хариуцлага тооцох юм. Төрийн гол институт болох эдгээр байгууллагууд ямар ч ажиллагаагүй болжээ. 60 тэрбум, ЖДҮ гэсэн гоё нэр барьж хоорондоо сөргөлдөж, зөвхөн өөрсдийн бүлэглэлийн төлөө тэмцэлдэж буй юм. Мөн төлбөртөө худал мэдээлэл цацаж, ард түмний тархийг угааж, иргэдийн сайхан амьдрах боломжийг булааж авсаар байна. Үүнийг бид зүгээр хараад сууж болохгүй.

Цаашид ингэж ажиллах юм бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар эрхээсээ түтгэлзээд огцрох хэрэгтэй. Тиймээс бид эдгээр 3 хүнд хариуцлага тооцохыг шаардаж байна. Монголын ирээдүй, хөгжил, сайхан амьдралд зайгаа тавьцгаа" хэмээн мэдэгдлээ.