Өмнөд Солонгост өнөөдөр буюу пүрэв гарагт “BMW” компанийн 2 автомашин шатсан хэрэг гарсан байна. Ингэснээр энэ онд Германы тансаг хэрэглээний автомашин үйлдвэрлэгч компанийн тээврийн хэрэгсэл шатсан хэрэг 36 хүрсэн тухай орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

“BMW 320d” загварын автомашин орон нутгийн цагаар өнөө өглөөний 8:50 цагт Уйвань хотын хурдны зам дээр шатжээ. Уг тээврийн хэрэгсэл нь галд бүрэн автсан хэдий ч аз болоход хэн нэгэн хүний амь эрсдээгүй байна. Жолоочийн мэдээлснээр, түүнийг унаж явах үед гэнэт гал авалцсан ажээ. Гал сөнөөгчид ослын газарт яаралтай ирж, галыг унтраасан байна.

Мөн “BMW 730Ld” загварын өөр нэг автомашин өнөө өглөө орон нутгийн цагаар 7:50 цагийн үед Сачён хотын хурдны зам дээр шатсан ба уг автомашин бүхэлдээ галд автсан байна. Ослын улмаас хүний амь эрсдээгүй аж.

“BMW” компани өнгөрсөн долдугаар сарын 26-нд 106317 автомашинаа сайн дураар эргүүлэн татаж засварлах тухайгаа зарлаж байсан билээ. Харин энэхүү эргүүлэн татах машинуудын жагсаалтад ороогүй зарим загварын автомашинууд шатсан тохиолдол гарсаар байгаа ажээ.

Уг компанийн автомашин эзэмшигчид хуулийн байгууллагад хандах нь нэмэгдсээр байгаа юм. Өмнөд Солонгосын газар, дэд бүтэц, тээврийн яамны сайд Ким Хюн Мэ лхагва гарагт “BMW” компанийн шатах аюултай автомашинаа унахгүй байхыг ийм тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс шаардсан тушаал гаргах тухай хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг