Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэцийн их эмч Б.Мөнхнасантай орчин үеийн асуудал болсон нойргүйдлийн сэдвээр ярилцлаа. Тэрбээр ихэнх хүмүүс өөрийгөө нойргүйдэлтэй гэж далд ухамсартаа бат ойлгуулчихсан учраас нойрны асуудалтай явдаг гэсэн юм.

-Нойргүйдэл үнэхээр ихэсчихсэн үү, аль насныхан илүү хандаж байна вэ?

-Нойргүйдэл ихэсчихсэн, нийгмийн асуудал болчихсон нь үнэн. Үүний цаад шалтгааны нэг нь техник технологи. Хүн байнга гар утсаа шалгаж, мэдээлэл аваад байхаар хүний тархины эд эс байнга идэвхтэй ажилладаг. Энэ нь тархиндаа амрах боломж олгохгүй байна гэсэн үг. Тархи өөрөө цахилгаан долгионтой, тэр долгионд дэлгэц, ухаалаг технологийн герц хэлбэлзэл тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг.  Зурагтыг залгуураар нь салгаад амрах, зөвхөн дэлгэцийг нь унтраагаад унтахад асар их ялгаа бий.

Хандаж байгаа хүмүүсийнх нь ихэнх нь ахмадууд. Хүн биеийн болон оюуны хүчний ачаалал авч байж амардаг.  Тэтгэвэрт гарчихсан гээд нийгмийн харилцаанд ордоггүй, хүүхдүүд нь ажил хийлгэдэггүй, ач гучаа гарынхаа үзүүрт зарж, ганцаардаж  суусаар нойргүйдэлд орчихдог. Уулзаад яриад ирэхээр энэ талаар хөгшчүүд ярьдаг юм. Нэг настай хүнтэй ярилцаад байсан чинь шалтгаанаа ерөөсөө юу ч хийхгүйгээс болоод нойргүйдчихсэн гэсэн удаатай.

- Зарим хүмүүс гүн унтаж чаддаггүй, байнга сэрдэг гэж ярьдаг. Яг ямар хүнийг нойргүйдэлтэй хүн гэж нэрлэх вэ?

-Хүн хоногт 6-8 цаг унтаж амрах ёстой. Мэдээж тухайн хүний хувийн онцлог болон насны онцлогоос хоногт хэдэн цаг унтаж амрах гэдэг нь шалтгаалдаг. Нярай хүүхэд хоногт дундажаар 16-17 унтаж амардаг байхад 70 наснаас дээш хүн дундажаар 4-5 цаг унтаж амрах нь хангалттай үзэгдэл юм.Тооноос илүү чанар юм.Хэдхэн цаг унтаад сэргэлэн болжмор шиг л байх аваас заавал цаг гэлтгүй та нойрны хямралгүй нэгэн гэсэн үг юм.

Гэхдээ энэ хугацаанд авсан нойр авахдаа стресс ихтэй орчинд унтах, эсвэл 2-3 цаг голын эрэг дээр сэтгэл тайван унтаж амрах хоёр ялгаатай. Үүнийг л нойрны чанар гээд байгаа юм. Зарим хүн би манай гэрийнхэн шөнөжинөө бужигнаад унтаж чаддаггүй гэдэг. Уг нь сэтгэл зүйн ямар ч асуудалгүй хүн бол хаана ч дасан зохицож унтаж амрах чадвартай байдаг. Харин унтаад байгаа хэрнээ байнга сэрвэлздэг, өглөө сэрэхэд гүйцэд унтаж амраагүй юм шиг сэрдэг хүмүүс бий. Энэ бол гүн унтаж чадахгүйгээс болж үүссэн нойрны хямарлын шинж тэмдгийн нэг. Орчин үед ажлаас шалтгаалсан нойргүйдэл их гарч байна. Гурван жил тасралтгүй караоке ажиллуулж байсан хүн ирж уулзан зөвлөгөө авсан. Одоо ч ажлаа хийхээ больсон ч биенийх нь хэмнэл шөнө ажиллаад өдөр унтаад сурчихсан гэж байсан юм. 

Зарим хүн хоёр гурван сарын турш унтаагүй гэдэг. Үнэндээ огт унтахгүй байна гэж байж боломгүй асуудал. Ядаж л богино хугацаанд зүйрмэглэж дугхийгээд л явдаг.  Хэрэв унтахгүй 3-5 хоноход сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх байдалд ч хүрэх боломжтой. 

-Унтаж чаддаггүй, би нойргүйдэлтэй гэдэг хүмүүст та юу зөвлөх вэ?

-Огт унтахгүй байна гэдэг өнгөрсөн цагийн илэрхийлэл. Энэ чинь өнөөдөр эсвэл маргааш унтаж чадахгүй гэсэн үг биш. Хүмүүс голдуу би ерөөсөө нойр муутай хүн гээд өөртөө онош тавьчихдаг. Харин өвчин эмгэгээс шалтгаалсан бол өөр хэрэг. Жишээ нь эмэгтэйчүүдийн цэвэршилт дуусаагүй бол хангалттай хэмжээнд унтаж чадахгүй. Энэ үед эмчид хандаж горманы эмчилгээ хийж байж хяналтандаа орж байж хэвийн болдог. Ихэнх хүмүүс нойргүйдлийн шинж тэмдэгтээ анхаарал хандуулаад цаад учир шалтгааныг орхигдуулчихдаг. Магадгүй даралт ихэсдэг хүн байлаа гэхэд даралтны эм тариагаа хэрэглэхээс илүү хүнтэй маргаж болохгүй, тайван байх гэдгийг нь анзаардаггүй:  Уг нь цаад шалтгаан нь чухал. Нойргүйдэл гэдгийн цаана маш олон шалтаг шалтгаан байгаа. 

-Нойргүйдэл үнэхээр асуудал болсон уу, хэдэн насныхан илүү өртөж байна вэ?

-Зургаан настай хүүхдээс эхлээд ахмад настнууд нойргүйдлийн асуудлаар хандаж зөвлөгөө авдаг. Нойргүйдлийг хоёр ангилдаг. Органик буюу ямарваа нэгэн өвчин, гэмтэл бэртлийн зовиураас шалтгаалж хүн сайтар нойр авч амарч  чаддаггүй. Органик бус гэдэг нь сэтгэл зүйн асуудлаас үүдэлтэй. Энэ нь тухайн хүн их хэмжээний өрөнд орчихсон эсвэл харилцааны сэтгэл шаналгасан асуудал, стрессээс болж нойргүйддэг.

-Хүүхэд нойргүйднэ гэж байх уу?

-Хүүхдийн нойргүйдэл гэж байдаг. Хүүхдүүд стрессдсэн гэдгээ ч мэдэхгүй тайлах аргаа ч мэдэхгүй, түүнийгээ илэрхийлж чаддаггүй. Мэргэжлийн зүгээс анализ хийгээд үзэхээр нойргүйдсэн хүүхдүүд гэр бүлийн асуудалтай байдаг юм. Аав ээж нь маргалддаг, агсам согтуу тавьдаг, нэгэндээ гар хүрдэг, үүнийг нь харсан хүүхэд шөнийн айдастай болчихдог. Үүнээс болоод хүүхдийн сэтгэл зүй хямарч нойргүйддэг. Үүнийг анзаарсан эцэг эхчүүд авчирч үзүүлдэг. Ийм үед тухайн хүүхдүүд тайвшруулах эм өгөхөөс илүүтэй шалтгааныг нь тогтоож, тууштайгаар курс эмчилгээнд явуулах хэрэгтэй. Багаасаа нойргүйдсэн хүүхдүүд анхаарал төвлөрөл муутай болдог. Гэхдээ нойргүйдэл удамшдаггүй харин зан үйл тухайн хүнд насан туршийн дадал болж үлддэг. Жишээ нь багаасаа гэр бүл нь шөнө дунд өнгөрсөн хойно унтдаг бол төрж өссөн тэр хэв маягаараа амьдардаг.

-Нойргүйдэж байна гээд эмээр аргалаад явдаг хүмүүс байдаг. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?

-Хүмүүс бүх асуудлыг эмээр шийдэх гээд байгаа нь маш буруу. Бараг л хосууд муудалцчихвал хоорондоо эвлэрүүлдэг эм байна уу гэж эмийн сангаас асуух нь холгүй байна.
Зарим хүмүүс унтах зорилгоор архи, шар айраг хэрэглэдэг. Гэтэл эсрэгээрээ сэргээш болж нойргүйдүүлдэг.

-Шөнө унтаж чадахгүй хүн хэзээ ч сайн сайхан зүйлс боддоггүй гэдэг?

-Нойрны хямралтай хүмүүс шөнийн цагаар сэтгэл рүүгээ хэт өнгийдөг. Магадгүй хийхийг хүсээгүй зүйлээ хийсэн бол гэмшдэг, эсвэл шаналдаг. Энэ бол хий дэмий зүйл биш. Энэ мэдээллүүд бол тухайн хүнд өөрийгөө таньж мэдэхэд тустай зүйл юм. Хэрэв унтаж чадахгүй хямраад байвал босоод асуудалдаа тодорхой хэмжээгээр анализ хийгээд тэмдэглэл хөтөлж болно. 

-Нойргүйдлээс гарахын тулд яах ёстой вэ. Үүнээс ямар аргаар гарах вэ ?

-Сонирхолтой нь хүн стресс, нойргүйдлээс гарахын тулд юу хийхээ өөрөө мэддэг, гарц гаргалгаа нь өөрт нь байдаг . Гэхдээ зарим үед шүү. Нойргүйдсэн хүмүүстэй уулзахад энэ тухай зөндөө сонсч байсан. Нэг удаа нойргүйдээд удсан настан надад үзүүлчихээд  нутаг руу ганц явчихвал сайхан болох гээд байна гэж ярьсан. Хүүхдүүддээ хэлдэг нөгөөдүүд нь ажил амьдрал гээд амждаггүй байж. Тэр үед  би түүнд нутаг руугаа яваад ирэхийг зөвлөсөн. Сүүлд уулзахад нутагтаа очоод ирлээ, бүтэн нойртой хонодог болсон гэж ярьж билээ. Зарим хүн бухимдахаараа хашгирмаар санагддаг гэдэг юм. Үнэхээр хашгирмаар санагдаж байвал уулан дээр гараад хашгирах л хэрэгтэй гэж зөвлөнө. Хүний сэтгэц гэдэг зүйл маш гайхамшигтай зүйл. Тодорхой асуудлыг гаргаж ирнэ, таниулна, зарим зүйлсийг хувиргаж ойлгуулна. Тэр болгоныг ухамсарлаж, юу хүсч байна түүнийгээ хийж байж өөрөөс шалтгаалах зүйлийг хийж байж нойргүйдлийг давах боломжтой. 

-Зарим хүмүүс олон жил нойргүйдлээр шаналж эм ууж унтдаг. Энэ зөв арга уу эсвэл ?

-Орчин үед нойргүйдэлд эмийг санал болгох нь олон.  Хэрэв нойргүйдэл нь бодисын солилцооны шалтгаантай хүмүүст л тохиромжтой. Харин сэтгэл зүйн асуудлаас үүдсэн нойргүйдэл бол эмчийн хяналтан доор тодорхой хугацаатай эм ууна. Сар юм уу 10 хоног байж болно. Тэр хугацаандаа л унтдаг цагаа тогтоож эмээ ууна гэсэн үг. Түүнээс биш байнга хэрэглэж зуршил болгож болохгүй. Бас эм уухаас илүүтэй булчин шөрмөсөө ажиллуулсан зохистой ачаалал авах чухал. 

-Хэдэн жилээс дээш нойрны эм ууж байгаа хүнийг нойргүйдийн архаг асуудалтай гэж үзэх вэ?

-Нэг сараас дээш хугацаагаар тайвшруулах эм ууж амарч байгаа хүнийг эмийн донтолттой гэж үздэг. Яагаад гэвэл тухайн хүн нойрны эм ууж байж л унтдаг гэсэн мэдээлэл далд ухамсарт хадгалагдаад үлдчсэнтэй холбоотой. Нойргүйдэх гэдэг унтахгүй байх асуудал биш. Өргөн хүрээний сэдэв. 100 нойргүйдэлтэй хүнтэй уулзахад бүгд өөр өөрийн шалтгаантай байдаг.  Нойргүйдэл нэг л жор эмээр эдгэнэ гэж байхгүй. Эм уулаа ч гэсэн сэтгэл засал, амьсгалын дасгалтай хослуулж хэрэглэх нь илүү үр дүнтэй. 

-Нойргүйдлийн үед ховсын эмчилгээ хийдэг гэж сонссон. Хэр үр дүнтэй вэ?

-Одоогийн шинжлэх ухаанаар хүний тархи 4 дэглэмээр ажиллаж чаддаг. Эдгээр дэглэмийн Альфа дэглэм нь ховс эмчилгээний хамгийн чухал үе юм. Бодож сэтгэх үйл ажиллагаанд тархи идэвхийнхээ 95-100 хувийг зарцуулж байдаг. Энэ дэглэмийг унтаа, сэрүүний завсарх зуурдын байдал гэж нэрлэдэг. Энэ үед хүн өөрийн гэсэн ухамсартайгаа л байна. Ховс эмчилгээнд орж буй энэ үзэгдэл нь өөрөө нойр биш, хүчээр бий болгож буй үзэгдэл ч биш жам ёсны үзэгдэл юм. Энэ нь далд ухамсарыг бүрэн дүүрэн ажилуулах арга хэлбэр болдог. Мөн мартагдсан таагүй мэдрэмжийг нэхэн санаж эерэг хэлбэрт шилжүүлэхэд тус дөхөм болдог эмчилгээний нэг хэлбэр. Зарим хүмүүс ховс хийлгэж таагүй зүйлээ мартахаар ирдэг. Харамсалтай нь энэ нь боломжгүй зүйл. Харин ямар ч таагүй дурсамжинд эерэг тал байдаг гэдгийг ойлгуулах,тэр үеийн сөрөг мэдрэмжийг эерэгээр өөрчлөхөд тухайн үйлчлүүлэгчийн далд ухамсарын хүчин чадлыг бүрэн дайчлахад чиглэгддэг арга техник юм. 

-Нойргүйдлээ эмчлүүлэхгүй яваад байвал ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Сэтгэлзүй нь талаасаа ажил болон хичээл сурлагийн үр бүтээмж багасаж сөрөг сэтгэл хөдлөлүүд илрэхээс гадна, мартамхай болж эхэлдэг. Нойргүйдэх хоног уртсах тусам сэтгэцийн эмгэг процессууд тодорч хувь хүн өөрийгөө хянаж чадахаа болих хүртэл эрсдэлтэй. Биеийн талаасаа сульдана, ядрана, булчин таталдах шинж тэмдэг илэрдэг, тэнцвэр алдах гэх мэт мэдрэлийн системийн холбогдолтой эрсдэлт хүчин зүйлүүд гарах нь олонтаа. Олон жил нойргүйдсэн хүн гэхэд хорт хавдраар өвчлөх магадлал өндөр. Яагаад гэвэл хүний бие шөнийн унтаж амрахгүй бол тодорхой хэмжээгээр биеэсээ хор ялгаруулдаг. Түүнээсээ хордож байна гэсэн үг

-Хүн ямар орчинд илүү сайхан унтаж амардаг вэ?

-Сэрүүн орчинд, дулаахан хөнжилд унтаж амрах ёстой. Бас гэр бүлийн гишүүдтэйгээ нэг цагт унтах амрах нь чухал. Бас амьсгалын зам чөлөөлөх ёстой. Унтахдаа хүнд хоол идэж болохгүй.Бас орондоо ороод олон ажлыг бодож төлөвлөх биш унтахаасаа өмнө тэмдэглэлийн дэвтэртээ бодож байгаагаа бичиж тэмдэглэх хүний оюун санааг чөлөөлж тайван нойрсоход нөлөөлдөг.