Технологийн хөгжлийг дагаад хувьсан өөрчлөгдөж буй салбарын нэг бол даатгалын салбар. Даатгалын хөгжлийг шинэ түвшинд гаргахаар ажиллаж буй “Бодь даатгал” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнххишигтэй даатгалын үнэ цэнэ, цаашдын хандлагын талаар ярилцлаа. 


-Ер нь Монголчуудын даатгалын тухай ойлголт хэр их өөрчлөгдөж байна вэ?

-Хүмүүс эхний жилдээ эрсдэл гараагүй бол даатгалд дэмий мөнгө үрлээ, хоосон зардал байна гэж ойлгодог. Гэтэл даатгалгүй байгаад эрсдэлд орсон хүмүүс даатгалд хамрагдаагүйдээ харамсдаг. Харин даатгалтай хүн эрсдэл гарсны дараа санхүүгийн болоод сэтгэл санааны хохирлыг даатгалын ач тусаар даван туулах боломжтойг ойлгож байна. Урьдчилан магадлах боломжгүй ирээдүй цаг дээрх их хэмжээний зардлыг одоо цаг дээрх бага хэмжээний тогтмол зардлаар шийдэхийг даатгал гээд байгаа юм.

-Бидний анзаардаггүй, чухал хэрэгцээтэй даатгалыг нэрлэж болох уу?

-Хүн өөрийнхөө хамгийн үнэт зүйл болох эрүүл мэндийг нэн тэргүүнд даатгуулж хэвших хэрэгтэй. Даатгалын компаниуд ч даатгалд хамрагдсан хүнийг эрүүл байлгах үүднээс урьдчилан сэргийлэх шинжилгээ, шаардлагатай эмчилгээ, сувилгаанд хамрагдуулдаг, зөвлөгөө өгдөг байх нь чухал. Эрүүл хооллолт, спорт, фитнессээр хичээллэх, цэвэр агаарт амрах зэрэгт даатгалаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг байж болно. Өнөөдөр манай нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалаас хүн бүр эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авах боломж хомс байна. 


-Монголд хорт хавдрын өвчлөл маш өндөр. Танай эрүүл мэндийн даатгалаар хорт хавдрын эмчилгээний зардлыг төлүүлэх боломжтой юу?

-Даатгалын эрсдэл санамсаргүй шинжтэй байх ёстой. Одоо хэвийн байгаа ч ирээдүйд эрсдэл гарч болзошгүй зүйлийг бид даатгадаг. Харин эрсдэл гарсан хойно, эсвэл эрсдэл гарах нь тодорхой болсон зүйлийг даатгах боломжгүй. Даатгал нь гэрээ байгуулагдсанаас хойш үйлчлэх зарчимтай тул гэрээнээс өмнө учирсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй. Харин даатгуулсанаас хойш хорт хавдар туссан бол даатгалаас эмчилгээний зардлыг даатгалын компани төлөх ёстой.

-Манай улсад даатгалаас ашиг олох, завших оролдлого  хэр байдаг вэ?

-Бид залилангийн шинж чанартай оролдлогыг тухай бүрт нь таслан зогсоодог. Жишээ нь Зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслээ даатгуулаад хохирлыг даатгалаас төлүүлэх оролдлого гарч байсан. Даатгалын компани нөхөн төлбөр өгөхөөс татгалзсаныг буруугаар тайлбарлаж даатгалын нэр хүндийг унагах хандлага нийгэмд байдаг.  

-Танай компани даатгалын салбарын анхдагчдын нэг. Та бүхэн даатгуулагчдийн итгэлийг бууруулахгүй байх талаар юун дээр анхаарч ажилладаг вэ?  

-Бид өнгөрсөн 23 жилийн түүхэнд Монгол орныг хамарсан өргөн дэд бүтцийг байгуулж, 21 аймаг бүрт салбар төвүүдийг нээж хэрэглэгчдээ ойртож ажилласан маань бидний амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан. Манай даатгалын салбар 15 их наяд төгрөгтэй дүйцэхүйц эрсдэл дааж ажилладаг. Үүний 20 гаруй хувийг "Бодь даатгал" дангаараа үүрдэг. Үнэндээ бид ашгийг гол болгохгүйгээр ард иргэдэд даатгалын ашиг тусыг хүртээхийн төлөө ажиллаж ирсэн. Үүний үр дүнд даатгалын хамралтаараа тэргүүлэгчийн байр сууринд хүрсэн болов уу. 

-Даатгалын олон компани байгаа шүү дээ. Зах зээлийн 20 хувь гэдэг өндөр үзүүлэлт шүү? 

-Бид өөрийн дааж чадах эрсдэлээс давсан эрсдэлийг олон улсын даатгалын зах зээлд давхар даатгуулдаг. Мөн бусдын очиж үйлчлэхгүй байгаа орон нутагт өөрийн салбараа нээж, зардал өндөртэй ч гэсэн үйлчилгээгээ хэрэглэгчдээ ойртуулж ажилладаг. Үүрч буй эрсдэлийн хэмжээгээр нөхөн төлбөр өндөр байдаг. 

-Хэрэглэгчийн тоо өсөх тусам үйлчилгээний чанарын асуудал шүүмжлэл дагуулдаг. Иргэд танай компанийн нөхөн төлбөрийн үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?  

-Орчин үед хэрэглэгчид хамгийн түргэн, шуурхай үйлчилгээг авахыг хүсдэг болсон. Бид бизнесийн үйл ажиллагаагаа дижитал тоон системд шилжүүлснээр бүтээмж нэмэгдэж нөхөн төлбөрийн шийдвэрлэх хугацаа 1-3 хоног болсон. 500 мянган төгрөг хүртэл нөхөн төлбөр ажлын 8 цагтаа амжиж гарах боломжтой. Даатгалын нөхөн төлбөрийн дундаж хугацаа урьд нь 30 хоног байсан шүү дээ. Цаашид заавал манай үйлчилгээний төвд ирэхгүйгээр халаасан дахь гар утсаараа даатгалын үйлчилгээ авах боломж бүрдүүлнэ.

Бид бүтээмжийн чанараа нэмэгдүүлэхийн тулд даатгалын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн. Үр дүнд нь хэрэглэгчдэд очих үйлчилгээ маань олон улсын стандарттай болж байна.

-Даатгалын салбарт олон компани өрсөлдөж байгаа нь хэрэглэгчдэд ямар давуу талтай вэ?

-Хэрэглэгч даатгалын компанийн эрсдэл даах чадвараас гадна эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээг нь харьцуулж, өөрийн эрсдэлээ даатгалд өгөх нь чухал. Жишээ нь эрүүл мэндийн даатгалд хамрагдах гэж байгаа бол урьдчилан сэргийлэх шинжилгээ, үйлчилгээ нь үнэ төлбөргүй эсэхийг нь тодруулж сонголтоо хийх хэрэгтэй. 

-Даатгалын компаниуд нөхөн төлбөр өгөхөөс гадна эрсдэлээс урьдчилан сэргийлэх ёстой гэсэн үг үү? 

-Иргэдэд даатгалын ач холбогдлыг таниулж, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа хангалтгүй байна. Бид энэ тал дээр үйлчилгээгээ шинэ түвшинд гаргахаар бусад компаниудаа ч уриалан ажиллаж байна. Хэрэглэгчидтэй байнгын мэдээлэл солилцож, эрсдэлээс урьдчилан сэргийлж, бууруулах нь даатгалын компанийн үндсэн үүрэг юм. 

-Технологийн хөгжил, нийгмийн харилцааг дагаад шинэ эрсдэлүүд бий болдог байх?  

-Олон улсын томоохон корпорациуд кибер халдлагын золиос болж хэдэн тэрбум долларын хохирол амсаж байна. Дэлхий нийт мэдээллийн аюулгүй байдал, кибер халдлагаас үүдсэн бизнесийн үйл ажиллагааны эрсдэлийг даатгалд хамруулах болсон. Кибер даатгал (cyber insurance)-аас гадна авлагын даатгал (credit insurance), улс төрийн эрсдэл (political risks) сансрын хөлөг, хиймэл дагуулын даатгал (space & satellite insurance) гэх зэрэг шинэ эрсдэлүүдийг даатгалд хамруулах болсон.

Энэ төрлийн даатгалын хамгаалалт, хохирлын үнэлгээ, хууль эрх зүйн зохицуулалт хараахан хөгжөөгүй хэдий ч даатгалын компаниуд шинээр бий болж буй өндөр эсдэлийг хамтарч үүрэх зорилгоор хамтын ажиллагааны фасилитиг бий болгож эхэлсэн. Үүний үр дүнд гадагшаа урсах мөнгөний урсгал буурч, дотоодын даатгалын салбар хөгжих өндөр ач холбогдолтой юм. Мөн бид эдийн засгийн удаашралтай энэ цаг үед санхүүгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах шийдэл бүхий авлагын даатгал (credit insurance)–ыг олон улсын кредит менежментийн "Делкреда" компанитай хамтран нэвтрүүлж байна. Ингэснээр дотоодын бизнесүүд өөр хоорондоо бараа үйлчилгээг дараа төлөх нөхцөлөөр худалдаалах, улмаар санхүүгийн өр, авлагын эрсдэлийг даатгалд шилжүүлэх боломжтой болох юм.  

-Даатгалын салбарын ойрын ирээдүйн хөгжил, чиг хандлагын талаар таны бодол? 

-Ирээдүйн даатгалын компаниуд өөрсдөө технологийн компани болох, эсвэл InsureTech үйлчилгээг нэвтрүүлэхээс өөр аргагүй болж байна. Даатгалын бүх үйлчилгээ блокчейн технологи руу шилжих бүрэн боломжтой. Даатгалын салбар ойрын үед буюу 2020-2025 онд хиймэл оюунд суурилсан дараагийн шатанд гарна. Бид ч мөн адил урт хугацааны стратеги төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Бодь даатгалын хувьд хиймэл оюун ухаан дээр тулгуурласан даатгалын эрсдэлийн үнэлгээний ухаалаг систем хөгжүүлж эхэлсэн. Үр дүнд нь харилцагч даатгуулагч нар маань өөрийн даатгуулах зүйлийн эрсдлийн үнэлгээг хиймэл оюунаар гүйцэтгүүлж, эрсдэлдээ тохирсон даатгалын үйлчилгээ авах боломжтой болох юм.  

Тухайлбал хиймэл оюун ухааны тусламжтайгаар их өгөгдөл дээр анализ хийж, эрсдэлийн үнэлгээг маш нарийн боловсруулж эрсдэл өндөртэй нь илүү төлж, эрсдэл багатай хэрэглэгчийн даатгалын хураамж жил бүр буураад явах шудрага тогтолцоо бий болно. 

-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. 

-Баярлалаа. Хүн бүр даатгалын ашиг тусыг ойлгож, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, үр шимийг нь хүртэх сайхан ирээдүй тун ойрхон байна.