"Монгол ньюс” мэдээллийн төвд С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудлаар өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ. Уг хэрэг дээр нийт 9 шүүгч, 13 өмгөөлөгч ажиллаж байгаа аж. 

Хууль тогтоомжоороо өмгөөлөгчид үйлчлүүлэгчийнхээ талаарх сөрөг мэдээллийн эрсдэлээс хамгаалахын тулд болон бусад шалтгаанаар хэвлэл олон нийтэд тодорхой шалгууртай мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн байдаг юм. Энэ хүрээнд мэдээлэл хийж байна гэлээ.

Өмгөөлөгч Б.Мэргэн:

С.Зоригийн гэх хэрэг бол улсын нууцын зэрэглэлтэй учраас ярих боломжгүй. Тэд уг хэргийг төрийн нууцаас гаргах цаг нь болсон хэмээн үзэж байна. Энэ хэрэг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр үйлдэгдсэн. Нийт 104 хавтаст хэрэг байгаа, мөн үүн дээр эрүүдэн шүүсэн 36 хавтаст хэргийг ил болгохыг хүссэн хүсэлтээ Ерөнхийлөгч рүү илгээхээр болсон. Бид энэ бүх хавтаст хэрэгтэй материалыг уншаад тэмдэглэл хийгээд, дараа нь тэмдэглэлээ орхиод гардаг. Гэтэл УИХ-ын гишүүд тэр хэргийн талаарх төрийн нууцын зэрэглэлтэй материалыг задруулдаг. Задруулахдаа өөрсдөдөө ашигтай, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээллийг сугалж тарааж байна. УИХ-ын гишүүн салбарын сайд байсан ч төрийн нууцын зэрэглэлтэй материалтай танилцах боломжгүй.Гэтэл тодорхой гишүүд танилцаж уншаад мэдээлэл тараагаад байна. Нэгэнт задалж, олон нийтэд хүргэсний дараа тэрхүү мэдээлэл нь Засгийн газрын хурлаар орж ил болдог. Ийм асуудалтай хэрнээ төрийн нууц гэж нэрлэх хэрэг байна уу. Өмгөөлөгч нар бид шүүхийн шийдвэрээ хүлээгээд гадаа нь зогсож байхад улс төрчид твиттер дээрээ жиргэдэг. Шүүх хурал ид дундаа өрнөж байхад тэнд өрнөж буй үйл явцыг мэдээд яриад эхэлчихдэг.  Хамгийн муухай нь дандаа гуйвуулдаг.  Та ярьж болохгүй гэчихээд өөрсдөө хаа хамаагүй ярьдаг байдлыг гайхаж байна.

ОУПХ-ны ч энэ тал дээр сануулга өгч, улс төржүүлэхгүй байхыг хүссэн. 

Бид тэрхүү тараасан ташаа мэдээллийг нь залруулах гэхээр та нарт ял өгнө шүү, төрийн нууц задласан хэргээр суулгана гэдэг. Иймээс бид энэ бүх мэдээллийг ил болгож иргэдэд зөв мэдээлэл өгөх ёстой. Цаг хугацааны хувьд ч 21 жил болчихлоо. Ямар ч төрийн нууц тодорхой хугацаатай байдаг.  Учир нь тухайн гэмт хэргийг илрүүлэхэд саад учруулах вий л гэж нууцалж байгаа учраас. Гэтэл өнөөдөр энэ хэрэг 3 шатны шүүхээр яваад хэдийн ял авчихсан асуудал шүү дээ. Үнэхээр С.Зоригийн хэрэг ярьж улс төрч болсон, хэргээс улс төрийн ашиг хонжоо хайсаар л ирсэн. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Ө.Энхтүвшин, А.Сүхбат, Я.Санжмятав нар юм. Бүгдээрээ шүүх хуралд оролцмоор байна гэдгээ илэрхийлсэн. Шүүх хурал болсон зургаан өдрийн туршид хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд уг хэргийг ил болгохыг хүссэн.С.Зоригийн хэргийг хаалттай байлгах нь өөрөө шүүх тогтолцоонд эргэлзэх, иргэдийн итгэлийг сулруулж байна. Үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй. Тиймээс ч бид Ерөнхийлөгч Х.Баттулгад хандахаар шийдсэн.