Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаж үзсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг шүүх хуралд ирээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч нэмж оролцуулах,  хавтаст хэргийн материалтай танилцах үндэслэлээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг 2019 оны 04 дүгээр  сарын 05-ны 10 цаг хүртэл хойшлууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.

Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан  хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг.

Өнөөдрийн шүүх хуралд тухайн үед дэд сайд байсан Б.Цогтгэрэл оролцсон байна.