"Бөн бөн хэмээх уран бүлтрээ" номоо гар дээрээ авлаа. Юуны өмнө, Та энэхүү номоос мэргэжлийн сэтгүүл зүйн  шалгуур хангасан нийтлэл, эсвэл уран зохиолын стандарт хэл найруулга бүхий эсээ тэмдэглэлүүд олж уншихаар дэлгэж байгаа бол уучлаарай, буцаагаад хаасан нь дээр гэж зөвлөе. Учир нь би танд БЛОГ хэмээх  бодрол, сэтгэлгээний чөлөөт ертөнцөд нэгэн үе таталгаж явсан эрээн алаг сараачмалуудаа яг тэр үеийнхээр нь, бараг засч тордолгүй байгаа чигт нь богцлон хүргэж байна. 

Анх албан мэдээний хэвшмэл хайрцагаас гарах гэж блог нээж байлаа. Чухам тэр үед  МОНЦАМЭ-гийн залуухан сурвалжлагч байсан би бээр мэдээллийн агентлагийн албархаг хэллэгт захирагдаж, үйл явдлаас үйл явдал руу, мэдээнээс мэдээний хооронд гүйдэг, бичдэг байлаа. 

Ингэж явахдаа дотоод дуу хоолойгоо хөнгөнөөр, энгийн үгээр нийтэлж болох  ямар нэг талбар үгүйлдэг байв. Одоогийнх шиг фэйсбүүк, твитер, бусад сошиал платформ сураг ч үгүй байсан 2000-аад оны эхэн, дунд үеийг яриад байна л даа. Тэгж яваад блогтой учирч, юуг ч өөрийн өнцөг хэмжүүр, өнгө будгаар бичиж болдог, бичсэнээ хуваалцаж болдог, санал шүүмж хүлээж авч, асуултад хариулж болдог энэ орон зайд эрхгүй татагдсан юм. 

“Өргөн чөлөө” нэрээр блогспот дээр нээсэн блог маань бичлэгийн төрөл зүйл, жанрт огт захирагддаггүй эрээвэр хураавар. Цаг үеийн хошигнолууд, трэнд дагасан “тэнэг” маазрал, үе үе  уянгын халил үнэртүүлсэн урт бичвэрүүд, заримдаа тэр гэхийн тэмдэггүй утгагүй таталбарууд... товчхондоо хазайлт, мурийлт, далийлтаар дүүрэн. 

Гэхдээ хожим ном болгоно гэж төсөөлж байгаагүй, саяхныг хүртэл тийм бодол ч үгүй  байсан. Учир нь дийлэнх бичвэр цаг хугацааны явцад утгаа алдаж, эргээд уншихад нүүр улаймаар, бас тэр үеийнх нь трэнд сэдвүүд  хуучирч мартагдан, бичлэгийн хэв маяг нь ч хоцрогдож, орчин үеийнхэнд бол ойлгогдох юмаар маруухан болсон санагдах.

Сүүлийн жилүүдэд харин сошиал сүлжээгээр үе үе нэргүй гарч ирж тараагддаг, чамгүй олон шэйр коммент авдаг “хөөрхий” хэдэн бичвэрээ харахаар нийлүүлээд нэг  цаасан дээр нэрээрээ хэвлэчих юмсан гэж бодогдох ч зүрхлэхгүй, тэгтлээ хүчлэхгүй явсаар ирсэн юм. 

Харин нэг үе “МОНЦАМЭ мэдээ” сонинд хамт ажиллаж байсан Ш.Батболд эрхлэгч (одоо тус агентлагийн орлогч дарга) маань санал тавьж, өөрөө блогоос шүүж нэгтгэн, редакторласнаар тэрхүү бодол маань биеллээ олж байна. Тухайн үеийн үг хэллэг, егөө ёжлолыг тэр  үеийнхээр нь үлдээхийг хичээсэн ч редакторын түүвэрлэсэн бичвэрүүдээс дур мэдэн нэлээдийг хасч, сүүлийн үеийн  зарим нэгээр сэлбэж хэвлэсэндээ хүлцэл өчье. 

Блогийг богцолж, хянасан сэтгүүлч, яруу найрагч Батболд Шоовдор, өмнөх үгийг тэрлэсэн хэл шинжлэлийн доктор Мягмар Саруул-Эрдэнэ багш, өнгө зүсийг додомдсон дизайнер Zaza, утга нийцэх хошин зургуудаараа хөг нэмсэн  шог зураач С.Цогтбаяр ах нартаа талархсанаа уламжилж байна.

Сэтгүүлч Э.Адьяасүрэн