“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.  Энэ талаарх танилцуулгыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хийлээ.

Дэлхий нийтээр цар тахлын нөлөөнд автаж, дэлхийн эдийн засаг 2020 онд 5 орчим хувиар агших хүлээлттэй байна. Энэ нь их хямралаас хойшхи хамгийн огцом уналт болж, улс орон бүрд алагчлалгүйгээр сорилт тулгаж байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар агшаад байна. Экспортын орлого буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь валютын нөөц дээр дарамт учрууллаа. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсэж, зээлийн чанар муудах эрсдэлөндөр байгаа нь банк, санхүүгийн байгууллагын зээлийн нөхцөлийг чангаруулахаар байна. Энэ үед санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийн санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд  чиглэсэн бодлогын багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Монголбанкны ерөнхийлөгч эхлээд онцлов.

Цар тахлын хүндрэлтэй үед Монголбанкнаас 3 багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Нэгд, бодлогын хүү болон төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах, төв банкны санхүүжилтийн хэрэгслийн нөхцөлийг зөөлрүүлэх, барьцаа хөрөнгийн жагсаалтыг нэмэгдүүлэх, хугацааг уртасгах зэрэг арга хэмжээг авлаа. Энэ нь банкны системийн хөрвөх чадварыг хадгалах, банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой. Бодлогын хүүг 3 нэгж хувиар бууруулахын зэрэгцээ төгрөгийн заавал байлгах нөөцөөс 320 орчим тэрбум төгрөгийн нөөцийг чөлөөллөө. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах зорилгоор богино хугацаат репо санхүүжилтээр 2.4 их наяд төгрөг, гадаад валютын своп хэлцлээр 1.7 их наяд төгрөгийн нөөцийг банк хоорондын захад нийлүүлээд байна. 

Хоёрт, банкны системийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банкны хяналт шалгалтын журам, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд түр өөрчлөлт оруулж, зээлд бүтцийн өөрчлөлт хийх, актив ангиллын журамд тохиргоо хийлээ. Энэхүү зохицуулалтын хүрээнд 3.8 их наяд төгрөгийн бизнесийн зээлд ангилал өөрчлөлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийлээ.

Гуравт,өрхийн гар дээр үлдэх орлогыг нэмэгдүүлэн хэрэглээг тэтгэж, санхүүгийн хүндрэлийг нь хөнгөвчлөх, төлбөр тооцоог хялбарчлах зорилгоор хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээг авлаа. Энэ хүрээнд 728 тэрбум төгрөгийн 82,868 зээлдэгчийн хэрэглээний зээл, 2.0 их наяд төгрөгийн 38,270 зээлдэгчийн ипотекийн зээлд ангилал өөрчлөлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийгээд байна. Монголбанкны зүгээс авсан эдгээр арга хэмжээ нь цар тахлын улмаас эдийн засагт үүссэн уналтаас иргэд, аж ахуйн нэгж, банкны системийг хамгаалах, үүссэн шокыг зөөлрүүлэх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах замаар сэргэлтийн боломжийг хадгалахад чиглэж байгааг дурдав.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засгийг хямралаас гаргаж, дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зарчмыг баримталсан. Инфляцыг нэмэх, хасах 2 нэгж хувийн интервалтай 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтод шилжиж буй нь мөнгөний бодлогын онцлог болж байна. Инфляцын хэлбэлзлийг бууруулж, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөлтэй уялдсан бага түвшинд тууштай бууруулах бодлогыг хэрэгжүүлэх нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндэс болно. Энэхүү бодлогын дунд хугацааны үр дүн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзэл, санхүүгийн зах зээл дээрх хүү буурах байдлаар илэрнэ гэж үзэж буйгаа онцлов.

Коронавируст цар тахал /Ковид-19/ олон улсын эдийн засагт түүхэнд байгаагүй огцом уналтыг бий болгож, зарим түүхий эд экспортлогч орны мөнгөн тэмдэгт 10-30 хувь хүртэл суларлаа.

 Харин төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 4 орчим хувь суларсан нь экспортын орлого 40-50 хувь хүртэл тасарсан хүнд үед тойрох аргагүй, шаардлагатай бодлогын тохиргоо байсныг Монголбанкны ерөнхийлөгч онцоллоо. Монгол Улсын экспортын үнэ, хэмжээ оны эхний хагас жилтэй харьцуулахад нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш орнуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилж байгаа нь валютын урсгалыг тэтгэж байна. 

Түүнчлэн Монгол Улс 2021 онд төлөгдөх 500 сая ам.долларын “Мазаалай” бонд, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.долларын “Чингис” бондыг хэсэгчлэн амжилттай дахин санхүүжүүлсэн, ХХБ-ны 500 сая ам.долларын бонд амжилттай төлөгдсөн зэрэг нь богино хугацааны гадаад төлбөрийн дарамтыг буурууллаа.

Гадаад валютын нөөцийн хүрэлцээ импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хадгалагдаж байна. Төгрөгийн харьцангуй уян хатан ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээг алдагдуулахгүй байх, гадаад шокын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх үүргийг гүйцэтгэж байгааг тэмдэглэлээ.