Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр өглөө 09.00 цагаас эхэлсэн тус шүүх хурал оройны 20.00 цаг хүртэл үргэлжилж, өнөөдрийн 09.00 цагт үргэлжлүүлэхээр болсон юм.

Шүүх хуралдааны байрны гадна өчигдөр хөл хөдөлгөөн их, тал талын байр суурийг илэрхийлсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд жагсаж байсан. Харин одоогийн байдлаар тэд ирээгүй байна.

Шүүгдэгч 9 хүний нэгийнх нь өмгөөлөгч Г.Батбаяр өчигдрийн шүүх хурал тарсны дараа "Шүүх хуралдаан нэгэнт эхэлсэн учир хойшлуулах боломжгүй. Маргааш үргэлжилнэ. Маргаашийн хурлаар хэргийг эцэслэн шийдвэрлэнэ, хэрэгсэхгүй болгоно, мөрдөн байцаалтад буцаана гэсэн гурван хувилбар л байгаа" хэмээсэн юм.

Түүний хэлж буйгаар өнөөдрийн шүүх хурлаар эцсийн шийдвэр гарах аж.

Шүүх хурал хаалттай үргэлжилж байна.

Сануулахад, С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан  Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр,  Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улмаарг өнөөдрийн шүүх хурлаар тэдний гэм буруутай эсэхийг тогтоох юм.