Бид хүүхэд, гэр бүлд зориулсан “Уурлах уу, учирлах уу” зорилтот төслийг эхлүүлсэн билээ. Энэ удаагийн дугаарт Сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн психометрикч, сэтгэл засалч , Оксфорд ИС, ШУ-ны магистр Б.Жавзантай хүүхдийн сурах арга барил сэтгэл зүйн онцлогийн талаар ярилцлаа. 


-Зарим цэцэрлэг, сургуулиуд суралцах хүүхдийн сэтгэц хэвийн эсэх дээр тодорхойлолт шаардах болжээ. Сэтгэл зүйч сэтгэц хэвийн эсэхийг тодорхойлох боломжтой юу?

-Сүүлийн үед эцэг эхчүүд манай төвд 7-8 насны хүүхдийн сэтгэц эрүүл байна уу гэдгийг үзээд бичиг өгч болох уу гэж хандаж байна. Ийм тодорхойлолт юунд хэрэгтэй вэ гэж асуухаар сургуульд элсэхэд сэтгэц эрүүл гэсэн бичиг хэрэгтэй гэсэн гэх юм.   Ер нь бага насны хүүхэд сэтгэцийн эмгэгтэй байх нь маш ховор. Манайхан сурах чадварын онцлогийг нь ойлгохгүйгээр сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тодорхойлуулах гээд байна. 

Аутизмаас дээш шатны цөөн хэдэн төрөлхийн сэтгэцийн эмгэгүүд бий. Тэгэхээр бага насны хүүхэдтэй ганц хоёр удаа уулзаж ярилцаад л сэтгэц хэвийн эсвэл хэвийн бус гэж дүгнэлт гаргах ямар ч боломжгүй. Сэтгэл зүйч тухайн хүүхэдтэй хэдхэн удаа уулзаад сэтгэцийг нь оношлох нь өөрөө ёс зүйн хувьд ч зөрчилтэй үйлдэл юм. Энэ бол эмч хүн шинжилгээгүйгээр өвчтөнд эм бичиж байгаагаас ялгаагүй зүйл.


-Сургууль ч гэсэн сэтгэц хэвийн гэсэн тодорхойлолт шаардах нь буруу байх нь ээ?

-Буруу байлгүй яахав. Яагаад ийм хэрэгцээгүй тодорхойлолт нэхээд байгаа шалтгааныг ойлгохгүй байна.Хэрвээ тухайн хүүхдийн сэтгэц хэвийн биш гэсэн онош гарвал сургах өөр арга барил боловсруулсан юм уу эсвэл ялгаварлан гадуурхаж бүртгэхээс татгалзан сурах эрхийг нь зөрчих гээд байгаа юм уу. 

Шаардлагагүй бичиг баримт нэхэж, мөнгө олох гэсэн мэргэжлийн ёс зүйгүй хүмүүс үүний ард байх шиг байна.


Бүтэн бичлэг үзэх: 


-Удаан ойлгодог онцлогтой хүүхэд гэж байдаг. Ийм хүүхдүүдийг оюун сэтгэлгээний хувьд хэвийн биш гэж боддог хүмүүс ч бий. Үнэхээр юм сурдаггүй хүүхэд гэж бий юу?

-Манайд мэдээлэл муу, сэтгэл зүйн боловсрол сул учраас сурах бэрхшээлтэй хүүхдийг оюуны хомсдолтой гэж үздэг өрөөсгөл ойлголт байна. Энэ бол сэтгэцийн эмгэг биш тухайн хүүхдэд байгалиас заяасан өгөгдөл. 

Яагаад тоо бодлогодоо сайн хэрнээ бусадтай найзалж, ярилцахдаа тааруу байж болохгүй гэж. Томчуудад ч гэсэн чадахгүй зүйл олон байдаг биз дээ. Тэгэхээр сурах арга барил, ур чадвар нь өөр хэн нэгэнтэй харьцуулж илүү дутуу гэж дүгнэгдэх шалтгаан биш. 

Тухайн хүүхдийн сурах онцлогийнх нь илэрхийлэмж гэж дүгнэж болно. Үүнийг том асуудал болгон харах шаардлагагүй. 


-Багш нь “Танай хүүхэд тэнэг байх аа, заагаад юм ойлгодоггүй дуугүй суугаад байдаг” гэж хэлсэн талаар манай сайтад нэгэн ээжээс захидал ирүүлсэн байсан. Энэ үйлдэл нь тухайн багш хүүхдийн сурах арга барилын онцлогийн талаар ойлголтгүй байна гэсэн үг үү?

- Үг, дуу цөөтэй хүүхдийг тэнэг гэж хэлэх нь, дэргэд нь үүгээр нь дуудаж загнах нь багшийн ёс зүйд байж боломгүй үйлдэл. Хатуухан хэлэхэд энэ нь тухайн багшийн хэр мэдлэггүйг, багшлах чадваргүйг илтгэж байна. Хүүхэд бүрийн нас сэтгэл зүйн онцлогт тохирсон арга зүйгээр сурга гэж л багш нарыг мэргэжлийн байгууллага бэлтгэж байгаа шүү дээ.

Хүүхэд ярихдаа тааруухан байвал ярилц, тоо бодлогодоо тааруухан байвал өөр ямар аргаар зааж болох вэ гээд гарц шийдэл хайх ёстой шүү дээ. Удаан ойлголттой байна гээд тэр хүүхдийг сургуульд сургахгүй байна гэж байхгүй биз дээ. 


-Багшаасаа эсвэл гэр бүлийнхнээсээ энэ мэт сөрөг үг сонсохоор хүүхдийн сурах хандлагад өөрчлөлт орох уу?

-Итгэж явдаг, хүндэлдэг хүмүүсээсээ сөрөг үг сонсвол хүүхдийн сурах сэдэл нь бага багаар унадаг. Багшдаа ч дургүй болж цаашдаа хичээл таслах нь нэмэгдэж сургуульд сурах хүсэлгүй болно. Сургуулийг муухай гэж бодож эхэлнэ. 

Тэгэхээр багшийн гол үүрэг бол хүүхдийн сурах сэдлийг дэмжиж, хөгжүүлэх гэдгийг мартаж болохгүй. Хэрэв хүүхдийг хангалттай хэмжээнд дэмжиж чадахгүй байвал багшлах ур чадвар дутагдаж байна гэсэн үг. 

Тухайн багш үнэхээр тусалж чадахгүй байгаа бол эхлээд ээж аавд нь тайлбарлаж хэл, яргилц, шийдэл хай. Үүний дараа сургуулийн нийгмийн ажилтнаар дамжуулан мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

 Хэрвээ хүүхдийн сурах онцлог, давуу болон сул талыг мэдэж чадахгүй байгаа бол багц тестээр оюуны чадварыг шинжлүүлж болно шүү дээ. 


-Оюуны чадварын шинжилгээ гэхээр чухам юу хийнэ гэсэн үг вэ?

-Тухайн хүүхдийн сурах чадвар, арга барил нь ямар онцлогтой байна вэ, бусадтай харилцахдаа ямар дутагдалтай байна вэ, авьяас чадварынх нь чиг хандлагыг нь тодорхойлдог юм л даа. Гол ач холбогдол нь ээж аав, багш нарт нь тухайн хүүхэдтэй хэрхэн харилцвал тохиромжтой вэ, аль авьяасыг нь дэмжиж хөгжүүлэх талаар чиглэлийг гаргаж өгнө. 

Бичлэг үзэх: 

-Эцэг эхчүүд манай хүүхэд иймэрхүү л зан төлөвтэй гэж ярьдаг. Оношилсноор ямар давуу талтай вэ?

-Үнэндээ ээж аавууд ч, багш ч хүүхдийг 100 хувь таньж мэдэх боломжгүй. Зарим хүүхэд байтугай том хүн ч өөрийгөө тодорхойлж чаддаггүй шүү дээ. 

Хүүхдийнхээ сонирхлыг, онцлогийг таниагүй эхчүүд хүүхдээ спортоор ч хичээллүүлээд, гадаад хэл ч сургаад, олон төрлийн сургалтад хамруулж бүр сурах хүсэлгүй болгож, өөрөөс нь холдуулдаг. 

Оношилгоо хийгээд бүрэн дүгнэлтийг эцэг эх, багш нарт өгөх нь хүүхдээ ойлгож, хүүхдийн онцлогийг таниж мэдснээр: 

-Хүүхэд тань юунд илүү авьяастай  вэ

-Ямар дугуйланд, сургалтад хамруулах вэ 

-Сурахад хэр ир цаг зарцуулах вэ

-Ямар мэргэжил сонговол тохиромжтой вэ гэх зэрэг олон асуултын хариуг нэг дор авч чадна. 

Манайд 18,20 нас хүрчихсэн ч сурах арга барилаа мэдээгүй, юу чадах, юуг чадахгүйгээ таниагүй, ажил мэргэжлээ буруу сонгож олон жил явсан хүмүүс ч ханддаг. 

Үнэхээр мэдэхгүй байвал оюуны чадварын шинжилгээ хийлгэж цаг хугацаагаа, мөнгө санхүүгээ ч дэмий зарцуулахгүй байх боломжтой.